БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдаар Ли Цяныг томиллоо
NIITLEL.MN сайтын сэтгүүлч Ц.Эрдэнэтуяа Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлыг сурвалжилж байна.
БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын /БХАТИХ/ анхдугаар чуулганы төлөөлөгчид БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдаар Ли Цяныг батламжиллаа.
Түүнийг БНХАУ-ын дарга Ши Жиньпиний нэр дэвшүүлсэн бөгөөд нийт 2936 төлөөлөгчийн саналыг авснаар Ерөнхий сайдын албан тушаалд томилогдлоо. Үүний дараа БНХАУ-ын дарга Ши Жиньпин түүнийг тус албан тушаалд томилох зарлигт гарын үсэг зурсан байна.
Улмаар Төрийн зөвлөлийн шинэ Ерөнхий сайд Ли Цян Бээжин хотын Ардын их танхимд Үндсэн хуульд үнэнч байхаа олон нийтийн өмнө тангарага өргөсөн юм.
Шинэ Ерөнхий сайд Ли Цян нь 63 настай бөгөөд Хятадын Шанхай хотын Коммунист намын даргаар ажиллаж байжээ. Мөн Ши Жиньпиний ойрын холбоотонд тооцогддог юм байна.
Ли Цян нь анхны хэвлэлийн бага хурлаа ирэх даваа гарагт Ардын их танхимд хийнэ хэмээн холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ.
Сануулахад, БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллагын 14 дэх сонгуулийн анхдугаар чуулган 7 хоног үргэлжилсний эцэст өчигдөр /2023.03.11/ өндөрлөж, Бээжин хотын Ардын их хурлын ордонд болсон чуулганы хаалтын хуралдаанд БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Хятадын бусад удирдагчид оролцсон талаар бид мэдээлсэн.
Сэтгэгдэл үлдээх