Камбож, Лаос, Тажикистан улсын төлөөлөгчид Улаанбаатарын цахимд шилжиж байгаа туршлагыг судлах хүсэлтээ илэрхийлжээ
Швейцарын хөгжлийн агентлагийн Улаанбаатар хотноо хэрэгжүүлж байгаа “Хотын засаглалыг сайжруулах, төвлөрлийг сааруулах” төслийн туршлагыг судлахаар Камбожийн Хаант Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс болон Тажикистан улсын төлөөлөгчид манай улсад ирээд байна хэмээн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ХМОНХХ-ээс мэдээллээ.
НЗДТГ Швейцарын хөгжлийн агентлагтай 2007 оноос Нэг цэгийн үйлчилгээний төслөөс эхлэн олон жилийн турш хамтран ажиллаж иржээ. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн зүгээс хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, засаглал, хог хаягдлын менежментийг сайжруулах зэрэг хэд хэдэн төсөл хөтөлбөрийг Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж, түншлэлийн харилцааг өргөжүүлсэн байна.
Туршлага судлахаар ирсэн төлөөлөгчдийн зүгээс нийслэлийн төсөв болон цахим шилжилтийн үр дүнг сонирхож байгаагаа илэрхийлж байв. Тэр дундаа “Хотын засаглалыг сайжруулах, төвлөрлийг сааруулах” төслийн хүрээнд төрийн үйлчилгээ Улаанбаатарт амжилттай цахим хэлбэрт шилжиж байгаа туршлагыг сайшаан, судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Швейцарын хөгжлийн агентлаг нь 2021 оноос Лаос, 2022 оноос Камбож, 2023 оноос Тажикистан улсад төвлөрлийг сааруулах, засаглалыг сайжруулах, цахим засаглалыг дэмжих чиглэлээр томоохон төслийг эхлүүлээд байгаа юм байна.
Сэтгэгдэл үлдээх