Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.06.15) үдээс өмнөх хуралдаан 10 цаг 15 минутад гишүүдийн 50.7 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлсэн. Чуулганы өмнөх (2023.06.09 үдээс хойших) хуралдааны төгсгөлд хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Иймд өнөөдрийн хуралдааны эхэнд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 49 гишүүний 73.5 хувь нь дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав
Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав.
Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 2023 оны зургадугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхэзр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо энэ сарын 14-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн байна.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс санал гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг үндэслэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Төсвийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Д.Өнөрболор, Б.Баттөмөр нар асуулт асууж, Засгийн газрын гишүүн болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Дараа нь хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах Байнгын хорооны саналыг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 51 гишүүний 52.9 хувь нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “…Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” гэж заасны дагуу Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 52 гишүүний 75 хувь нь дэмжснээр дээрх хуулийн төсөл батлагдсан юм.
Хуулийн 7 төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 2 төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав.
Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт хуулийн 7 төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 2 төслийг 2023 оны зургадугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүдийн талаар товч дурдвал төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэг хуулиар зохицуулах, төрийн албан хаагчийн тоог үндэсний ажиллах хүчний тоотой уялдуулан тогтоох, төрийн албан хаагчийн үндсэн цалин ба нэмэгдлийн харьцааг оновчтой болгох зэрэг зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрийн албанд ажиллах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хуульд заасан ажилласан жилийн тусгай шаардлагыг хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд бууруулан тооцох зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөлд тусгасан байна. Энэхүү өөрчлөлттэй уялдуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн агентлагийн даргаар хуульд заасан ажилласан жилийн тусгай шаардлагыг хангасан хүнийг томилж болох, энэ тохиолдолд агентлаг нь дэд даргатай байх зохицуулалтыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөлд тусгасан болохыг Б.Жавхлан сайд танилцуулав.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар төрийн байгууллагуудаас ирүүлж байгаа санал, хүсэлтийг харгалзан хэмнэлтийн зарим зохицуулалтыг өөрчлөх санал боловсруулжээ. Тухайлбал, хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болон төрийн байгууллагын үйл ажиллагааны шуурхай байдлыг хангах үүднээс эдгээр байгууллага автомашинтай байхаар хуулийн төсөлд тусгасан гэв. Мөн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулж дууссан байвал зохих хугацааг хойшлуулах өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгасан байна.
Засгийн газраас хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын асуудлыг онцгой анхаарч үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан агентлагийн бүтцийг шинэчлэн тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Үүнтэй холбогдуулан залуучуудын хөгжлийг дэмжих төрийн чиг үүргийг цаашид иргэний нийгмийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр тооцож Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан аж.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн шинэчлэлийг хөрөнгө оруулагч нарт сурталчлан таниулах, түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийн судалгаа хийх, хүний нөөцийн чадавх бэхжүүлэхэд тодорхой хугацаа шаардлагатай байгааг харгалзан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн үйлчлэлийг хойшлуулах, төрийн өмчийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд бага зардлаар өндөр бүтээмж бүхий технологи, шинэ бүтээл нэвтрүүлэхийг дэмжих зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсныг Б.Жавхлан сайд төсөл санаачлагчийн илтгэлдээ дурдав. Түүнчлэн, нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглан иргэдэд өндөр хурдны интернэтийн үйлчилгээг газар зүйн байрлал харгалзахгүй үзүүлэхтэй холбогдуулан Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрт олгох, мөн 2023 оны 1-6 дугаар саруудад хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаагүй хүүхдэд уг хугацаанд ногдох мөнгөн тэтгэмжийг нөхөн олгох зорилгоор Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.
Төсвийн байнгын хороо 2023 оны зургадугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн олонх буюу 64.0 хувийн саналаар үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих боломжгүй гэж үзсэн байна.
Сангийн сайдын танилцуулга, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Д.Сарангэрэл, Д.Ганбат, Б.Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ, Б.Энхбаяр, Т.Доржханд, Г.Ганболд, Ц.Идэрбат, Б.Саранчимэг нар асуулт асууж, Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Цахим хөгжил харилцаа холбооны сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авав.
Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр нэгбүрчлэн санал хураалт явуулсан юм. Үзэл баримтлалын хүрээнд Төсвийн байнгын хорооноос хэлэлцэхийг дэмжсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 55 гишүүний 65.5 хувь нь, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн хувиар, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 69.1 хувь нь дэмжив. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 55 гишүүний 67.3 хувь нь, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг 70.9 хувь нь, Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Улсын Их Хурлын 37 гишүүн тус тус дэмжив. “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.9 хувийн саналаар, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.1 хувийн саналаар дэмжсэн.
Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Төсвийн байнгын хороо дэмжээгүй бөгөөд эл саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй юм. Иймд Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүлэв
Хуралдаанаар дараа нь “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлахаар хэлэлцэв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан танилцууллаа.
Монгол Улс “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенц”-д 1971 онд нэгдэн орсон байна. 2010 онд зохион байгуулагдсан нисэхийн аюулгүй байдлын талаарх олон улсын Дипломат бага хурлаас иргэний нисэхийн эсрэг шинэ төрлийн хууль бус үйлдлүүд дэлхий даяар нэмэгдэж байгаатай холбогдуулан “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол”-ыг баталж, орхигдуулсан зарим шаардлагатай зохицуулалтуудыг нэмж тусгасан аж. “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол” нь 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд одоогоор нийт 35 улс гарын үсэг зурж, 21 улс соёрхон баталж, мөн тооны улс нэгдэн орж, 1 улс хүлээн зөвшөөрч, 1 улс баталсан хэмээн сайд танилцуулав.
Энэхүү протоколд ашиглалтад байгаа агаарын хөлгийг хууль бусаар булаан авах, хяналт тогтоох үйлдэл, оролдлого, оролцооны хэлбэр, хүлээлгэх хариуцлага, гэмт үйлдлийн хамрах хүрээ, харьяалал, ялын байдал, төрийн байгууллагаас авах арга хэмжээ, улс орнуудын хамтын ажиллагааны зохион байгуулалт зэргийг илүү нарийвчлан тодорхойлсон байна. Монгол Улс нь “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенц”-ын оролцогч улсын хувьд агаарын тээврийн салбарын хурдацтай өсөлттэй уялдуулан иргэний нисэхийн аюулгүй байдлын түвшин, эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор энэхүү протоколыг соёрхон батлах шаардлагатай гэлээ. “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон баталснаар улсын төсвөөс нэмэлт зардал шаардахгүй бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар бүлэгт өөрчлөлт оруулахаар холбогдох төслийг боловсруулсан гэлээ. Тус хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасныг үндэслэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Байнгын хороонд Хууль зүйн байнгын хорооноос “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 76.4-т заасны дагуу 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ ирүүлснийг нэгтгэн хэлэлцсэн байна. Хуралдаанаас “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.14.3-т заасныг үндэслэн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр эрхлэх асуудалд нь хамаарах Байнгын хороонд шилжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлуулах нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд, хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Үдээс өмнөх хуралдааны төгсгөлд “Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенц”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.
Монгол Улс нь олон улсын иргэний нисэхийн байгууллагын гишүүн улсын хувьд тус ба байгууллагын бодлого, стандарт, зөвлөмжийг хэрэгжүүлэх, гэрээ, конвенцод нэгдэх, аюулгүй ажиллагааны аудит, хамтын ажиллагааны төсөл хөтөлбөр, сургалтад хамрагдах, хурал, чуулганд оролцох зэрэг олон улсын иргэний нисэхийн үйл хэрэгт идэвхтэй оролцож байгааг С.Бямбацогт сайд тэмдэглэсэн. Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 2010 оны нисэхийн аюулгүй байдлын Дипломат бага хурлаас иргэний нисэхийн эсрэг шинэ төрлийн аюул занал, хууль бус үйлдээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, илүү үр дүнтэй арга хэмжээ авахад чиглэсэн эрх зүйн хэм хэмжээг бүрдүүлэх зорилгоор “Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенц”-ыг баталсан байна. Тус конвенц нь 2018 оны долдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд 34 улс гарын үсэг зурж, 23 улс соёрхон баталж, 19 улс нэгдэн ороод байгаа аж.
Энэхүү конвенцод олон улсын эрх зүйн баримт бичгүүдэд дурдаагүй орхигдуулсан зохицуулалтууд, түүнчлэн гэмт хэрэгт тооцох үйлдэл, ялын байдал, гэмт хэргийн оролцогчид, хэргийн харьяалал, гэмт этгээдийг шилжүүлэх, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх асуудлыг нарийвчлан тусгасан байна. Монгол Улс 1972 онд нэгдэн орсон “Иргэний нисэхийн аюулгүй байдлын эсрэг хууль бус үйлдлийг хориглох тухай” Монреалын конвенц, түүний нэмэлт Протоколоос давуу хүчин чадалтай гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ онцоллоо.
Агаарын тээврийг либералчилж, нислэгийн тоо, чиглэлийг эрчимтэй нэмэгдүүлж байгаа энэ үед манай улс нь иргэний нисэхийн аюулгүй байдлын стандартаа олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэх, энэ төрлийн хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариуцлага хүлээлгэх тогтолцоог сайжруулах зайлшгүй шаардлага үүссэн байна. Монгол Улс нь “Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенц”-ыг соёрхон баталснаар иргэний нисэхийн аюулгүй байдлын түвшин, эрх зүйн тогтолцоог сайжруулахад дэмжлэг болно гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд танилцууллаа. Энэхүү конвенцын нэгдүгээр зүйлд гэмт хэрэгт тооцох үйлдлүүдийг тодорхой заасан бол гуравдугаар зүйлд холбогдох гэмт хэрэгт оногдуулах шийтгэлийн талаар тусгажээ. Иймд хуулийн төсөлтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар бүлэгт нэмэлт өөрчлөлт оруулахаар холбогдох төслийг боловсруулж, хамт өргөн мэдүүлсэн байна.
Хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасныг үндэслэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Тус хуралдаанд Хууль зүйн байнгын хорооноос “Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенц”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 76.4-т заасны дагуу 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ ирүүлснийг нэгтгэн хэлэлцсэн болохыг Б.Баттөмөр гишүүн танилцуулсан юм. Хуулийн төслийг хэлэлцээд соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.14.3-т заасныг үндэслэн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр эрхлэх асуудалд нь хамаарах Байнгын хороонд шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Харин “Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенц”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлуулах нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн Улсын Их Хурлын гишүүд үзсэн тул “Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенц”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд, хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэхээр шийдвэрлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх