“Эсгий туургатан-2023” ур чадварын анхдугаар тэмцээн зохион байгуулж байна
Эсгий бол нүүдэлчин Монголчуудын ахуй амьдралын салшгүй нэг хэсэг бөгөөд Монголчуудын соёл, ахуй, зан заншил, байгаль очинтойгоо шүтэлцэн амьдрах ухаан, ертөнцийг үзэх үзэл гээд бүхий л зүйл эсгийнд шингэсэн байдаг билээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын адил нийгэмд эрх тэш оролцох, тэдний үнэлэмжийг өсгөх, мэргэжлийн ур чадвар, ажил хөдөлмөр эрхлэх чадамжийг нэмэгдүүлэх, урамшуулан дэмжих олон нийтэд сурталчлан таниулах улмаар олон улсын жишигт хүргэх зорилгын хүрээнд “Эсгий туургатан-2023” Үндэсний хэмжээний ур чадварын анхдугаар уралдааныг 2023 оны 6-р сарын 21-22-ны өдрүүдэд Монгол Арт галерейд зохион байгуулж байна.
Тус уралдааныг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Монголын Абилимпийн холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 21 аймаг, 9 дүүргийн 18-60 насны 20 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон урилгаар ӨМӨЗО-ны 15 эсгий урлаачид оролцож байна.
Ур чадварын уралдааныг Эсгий ширмэл, Эсгий бүтээгдэхүүн хийх, Уран хатгамал гэсэн 3 төрлөөр нээлттэй явуулж, шилдгүүдээ шалгаруулах юм.
НҮБ-аас гаргасан “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц”-д хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь бусадтай адил тэгш байх үндсэн дээр хөдөлмөрлөх, мэргэжлийн хувьд өсөн дэвжих, ажил, хөдөлмөр эрхлэлтийг хөхүүлэн дэмжихэд чиглэгдсэн зохих арга хэмжээг авна гэж тусгасан байдаг. Тус уралдаан нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ур чадварыг дээшлүүлж, чадавхыг бэхжүүлэх, тэдний нийгмийн дэвшлийн үндэс суурийг бий болгох, ур чадварыг олон нийтэд сурталчлан таниулах ажлын хүрээнд хийгдэж байгаа гол арга хэмжээний нэг билээ.
Сэтгэгдэл үлдээх