Цэс Close

Хятадад хөдөлмөрчдийн баяраар рестораны ачаалал 61.7 хувиар нэмэгджээ

БНХАУ энэ жилийн  "Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр"-ийг тохиолдуулан 5 хоногийн бүх нийтээр амрах гэж байгаа талаар бид мэдээлсэн.

Тэгвэл 2023 оны тавдугаар сарын нэгний өдөр гэхэд л тус улсын хэмжээнд жижиглэнгийн болон рестораны борлуулалт өнгөрсөн оны мөн үеийнхээс 15.6%-р өссөн тухай Хятадын Худалдааны яамны их өгөгдөлд харуулжээ.
Мөн өдөр автомашин, хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн, алт мөнгөн эдлэлийн борлуулалт өнгөрсөн жилийн мөн үеийнхээс тус бүр 25.1%, 24%, 19.9% болон 9.6%-р нэмэгдсэн бол рестораны борлуулалт  61.7 хувиар нэмэгдсэн байна.

240 сая гаруй амрагч дотооддоо болон хилийн чанадад аялах төлөвтэй байна. Энэ нь 2019 он буюу цар тахлын өмнөх үеэс 20 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм. Амралтын эхний өдөр л гэхэд Бээжин хот бараг хоёр сая жуулчин хүлээж авсан нь өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их тоо гэж Соёл, аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Харин Шанхай хот өнгөрсөн амралтын өдрүүдэд долоон сая гаруй жуулчин хүлээж авчээ. Шанхайн Диснейлэндийн тасалбар тавдугаар сарын 3 хүртэлх нь зарагдаж дууссан байна.

Хятадын төмөр замаар Бямба гаригт 19.7 сая хүн, Ням гаригт 18 сая хүн тус тус зорчиж, дээд амжилт тогтоолоо. Аялал жуулчлалын салбар нь Covid-19-өөс хойш хөл дээрээ тэнцэхээр тэмцэж буй Хятадын эдийн засагт түлхэц өгөх нь дамжиггүй. Энэ оны эхний улиралд эдийн засаг 4.5 хувиар өсжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах