Цэс Close

Азийн наадам өндөрлөж монголын баг 21 медаль хүртэж, чанараараа 22 дугаарт эрэмбэлэгдлээ

БНХАУ-д болсон "Ханжоу 2022 "Азийн зуны спортын XIX наадмын хаалтын арга хэмжээ өчигдөр орой боллоо.

Есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилсэн наадамд Азийн 50 гаруй орны тамирчид 40 спортын төрлөөр 482 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.

Монголын баг 34 спортын төрөлд 402 тамирчин, 118 дасгалжуулагч болон арын албаны хүн нийт 520 хүн оролцов.

Баг тамирчид жүдо, буудлага, чөлөөт бөх, бокс, жюү жицү, 3х3 сагсан бөмбөг, кураш, дугуй, байт харваа, испортын дота2 нийт спортын 10 төрлөөс 3 алт, 5 мөнгө, 13 хүрэл медаль хүртсэнээр медалийн чанараар 22 дугаар байрт, медалийн тоогоор 15 дугаар байрт шалгарсан амжилтыг үзүүллээ.
  • Байт харвааны сонгодог харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд аваргын алтан медаль хүртсэн нь Монголын харваач Азийн наадмын түүхэнд анхны медаль хүртсэн амжилт болж тэмдэглэгдэв.
  • 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг хүрэл, эмэгтэй баг мөнгө, и-спортын дота2-ын баг мөнгөн медаль хүртсэн нь багийн спортоор авч буй анхны медаль боллоо.
  • Б.Энххүслэн Монголын усанд сэлэгчдээс Азийн наадмын түүхэнд анх удаагаа финалд шалгарч түүхэнд бичигдсэн.
  • 1990 оноос хойш тасалдаад байсан засмал замын дугуйн спортын медалийг 33 жилийн дараа С.Жамбалжамц хүрэл өнгөөр дахин сэргээн авчирлаа.
  • “Ханжоу 2022” Азийн наадмын тавцанд Монголын хөнгөн атлетикчид 2 үндэсний дээд амжилтаа тогтоосон бол усанд сэлэгчид нийт 11 үндэсний амжилтаа шинэчиллээ.
  • “Ханжоу 2022” Азийн наадмын кураш, жюү жицү, волейбол, чөлөөт бөх, жүдо, ширээний теннис, софт теннис, хүндийг өргөлт, таэквондо, бокс, хөлбөмбөг, триатлоны нийт 12 спортын төрлийг Монголын 13 шүүгч дэнсэлсэн юм хэмээн МҮОХ-ноос. мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах