Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр (2023.10.13) Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Их Хурлаас 2016 онд баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, оролцогч талуудын харилцааг тодорхойлж, хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөг, хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байна. Уг хууль батлагдсанаас хойш нийт 6 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 10 орчим зүйл, заалтад өөрчлөлт оруулсан байдаг.
Монгол Улсын хүн ам 3.4 сая болж өмнөх оноос 1.4 хувиар өссөн. Нийт хүн амд 18 хүртэлх насны хүүхдийн эзлэх хувь 36.2 буюу 1.252.049 хүүхэд байна. Монгол Улсад 2022 оны байдлаар 941,5 мянган өрх бүртгэгдэж, өмнөх онтой харьцуулахад 2.3 хувиар өссөн.
Хагас өнчин хүүхэд 36,3 мянга, бүтэн өнчин хүүхэд 2911, үрчлэгдсэн хүүхэд 1478, хүнсний эрхийн бичигт хамрагддаг хүүхэд 76063, нийгмийн халамжийн зайлшгүй дэмжлэг туслалцаа шаардлагатай өрхөд амьдарч байгаа 460344, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхэд 14207, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн хүүхэд 3226, асрамж халамжийн 30 төвд 1031 хүүхэд амьдарч байна. 2022 оны жилийн эцсийн байдлаар Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн нийт 111776 дуудлагаас зорилтот дуудлага 64811, хүүхэд хамгааллын кейсийн тоо 9224 байна.
Мөн хүүхэд оролцсон гэмт хэрэг 1540, гэмт хэргийн улмаас хохирсон хүүхэд 2014, гэмт хэргийн улмаас нас барсан хүүхэд 92, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд 177, бэлгийн хүчирхийлэлд өртсөн 358 хүүхэд байсан бөгөөд бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн 70 орчим хувь нь гэр бүлийн орчинд ураг төрлийн хүрээнд хүчирхийлэлд өртжээ. Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр 2018-2023 онд 19231 үйлчлүүлсний 67,7 хувь нь хүүхэд байна.
Хүүхэд хамгааллын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш хүүхдийн хамгаалал, хөгжлийн чиглэлээр зарцуулсан хөрөнгө 2017 онд 900.1 сая төгрөг байсан бол 2018 онд 6.4 тэрбум төгрөг, 2019 онд 7.6 тэрбум төгрөг, 2020 онд 6.4 тэрбум төгрөг, 2021 онд 8.0 тэрбум төгрөг, 2022 онд 8.0 тэрбум төгрөгт хүрч 8 дахин нэмэгдсэн.
Хэдийгээр хүүхэд хамгааллын төсөв нэмэгдсэн боловч хүчирхийлэлд өртсөн болон өртөх эрсдэл өндөр байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээг бүрэн гүйцэд, тасралтгүй, тогтвортой хүргэж чадахгүй, хамгааллын үйлчилгээний үе шат, менежментийг бүтэн зургаар нь тодорхойлж, төлөвлөж, хүргэж, үнэлж, хянаж, санхүүжүүлж чадахгүй, хүүхэд хамгааллын үйлчилгээ, түүний дотор Хамтарсан багийн үйлчилгээнд зардал хуваарилагдахгүй байсаар байна. Мөн нийгмийн ажлын үйлчилгээг хүргэх, мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангах шат шатны төрийн байгууллагын чиг үүргийг тодорхой болгоогүй зэрэг олон дутагдал байгааг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хийсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээгээр тогтоожээ.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа Хүүхдийн эрхийн тухай хуулиар үүрэг хүлээсэн төрийн бүх шатны байгууллага, хүн, хуулийн этгээдийн үүрэг, оролцоотой уялдуулж, Засгийн газар, хүүхэд хамгааллын байгууллагын удирдлага, зохион байгуулалт, үйлчилгээний хэлбэр, санхүүжилт, хяналт, олон нийтийн оролцоог шинээр тодорхойлсон байна.
Хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл, Нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны Засаг дарга, нийгмийн ажилтан, Хамтарсан баг, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны чиг үүргийг хуульд шинээр нэмэхээр тусгажээ. Сум, хороонд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг ажиллуулж, ажил үүргийг нарийвчлан заасан. Мөн хүүхэд хамгааллын нэгдсэн мэдээллийн сан, хүүхэд хамгааллын цахим хувийн хэрэг үүсгэж, ашиглах шинэ зохицуулалтыг нэмжээ.
Барилга, байгууламж, авто зам, замын байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд хүүхдийн эрхийн улсын байцаагч эсхүл хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг магадлан итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн төлөөлөл ажиллах эрх зүйн зохицуулалтыг оруулахаар төсөлд тусгасан байна.
Хуулийн төслийг боловсруулахдаа төрийн бүх шатны байгууллага, олон улсын болон иргэний нийгмийн байгууллага, их, дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаачдын дунд 20 гаруй удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан төдийгүй 1300 гаруй хүүхдийн дунд хэлэлцүүлэг явуулж, санал авчээ.
Хуулийн төсөл батлагдсанаар хүүхэд хамгааллын үйлчилгээний түвшин, үйл явц, төрөл, хэлбэрүүдийг тодорхойлж, хүүхэд хамгаалалд зориулсан төсвийн үр ашиг, өгөөж сайжирч, хамгаалал шаардлагатай хүүхэд бүрд чанартай цогц үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сэтгэгдэл үлдээх