Цэс Close

Б.Энхбаяр: Ханбогдод 10 га газрыг 10 тэрбум төгрөгөөр худалдан авах тендер зарлаж байжээ

"Нүүрсний" сонсгол орон нутгийн "Тавантолгой" ХК-ийн нүүрсний үйл ажиллагаатай холбоотой мэдээллээр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар нүүрсний үйл ажиллагаатай холбоотой Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар олголтын мэдээллийг Хянан шалгах түр хорооны шинжээч танилцууллаа. Одоогоор нүүрсний үйл ажиллагаатай холбоотой Ханбогд суманд газар эзэмшиж буй гадаадын хөрөнгө оруулагчтай 40 компани байна. Мөн жижиг "Тавантолгой" ХК нүүрсний ачилт, буулгалтад зориулж 10 га газар худалдан авах тендер зарласан үнийн саналыг дэлгэцэд танилцууллаа. Өөрөөр хэлбэл нэг га газрыг нэг тэрбум төгрөгөөр үнэлж байсан нь харагдаж байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт: Дэлгэцэд харуулж буй газар олгох захирамжууд минийх мөн.  Компанийн зүгээс үнийн дүнг зарласан. Би компаниас мөнгө аваагүй, олон жил үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай компани гэдгийг нь мэднэ. Ямар шалгуураар 10 тэрбум төгрөг гэж зарласныг мэдэхгүй.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Гадаадын иргэнд газрыг эзэмшүүлдэг юм уу, ашиглуулдаг юм уу? Үүнийг мэдэх үү?

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт: Би гурван жил Засаг дарга хийж байгаа. Би нэг ч гадаад компанид газар олгоогүй. Үе үеийн Засаг дарга нар ч олгоогүй гэж ойлгож байгаа. Дандаа хятадууд газар аваад байгаа учраас монгол, орон нутгийн хүнд газар олгох бодлого чиглэлийн хүрээнд дуудлага худалдаанаас зайлсхийж олгож ирсэн гэж ойлгодог. Би энэ зарчмынх нь дагуу л олгосон.

Сүүлд шилжсэн тохиолдлууд бас байна. Бид гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид ганц ч газар олгохгүй байгаа. Ашиглалтаар ч олгоогүй. Цаанаа ямар хувь хувьцаа эзэмшигчтэй байдаг нь газрын мэдээлэл дээр харагддаггүй учраас мэдээллийн зөрүүтэй юм байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Гадаадын иргэдэд газрыг ямар хугацаагаар ашиглуулдаг, эзэмшүүлдэг юм бэ?

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт: Ашиглалт таван жилийн хугацаагаар. Газар эзэмшүүлэх бол хориотой.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Таны захирамжууд чинь бүгд Өмнөговь аймшгийн газрыг гадаадын иргэдэд эзэмшүүлэхээр гарсан байна шүү дээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт: Энэ бол хянан шинжээчдийн зөрүүтэй мэдээлэл байна гэж харж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Шинжээчийн танилцуулсан тендерийн үнэлгээнээс харахад таны захирамжаар олгосон газрууд 1 га газрыг 1 тэрбум төгрөгөөр үнэлж зардаг гэсэн ханштайг харуулсан нотлох баримт байна. Та энэ олон газруудыг зарж байхдаа мөнгө авч байсан уу?

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт:  Надад мөнгө авсан асуудал байхгүй.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах