Хятадад болсон газар хөдлөлтийн улмаас 100 гаруй хүн амиа алджээ
Хятадын баруун хойд нутгийн Гансү мужид даваа гаргийн шөнө дунд 6.2 магнитудын хүчтэй газар хөдөл улмаар Гансү болон хөрш залгаа Чинхай мужид 100 гаруй хүн амиа алджээ.
Хятадын газар хөдлөлтийн сүлжээний төвийн мэдээлж байгаагаар, даваа гаргийн 23:59 цагт газар хөдөлсөн байна. Гансү мужийн Жишишан-Баоан-Дуншян-Саларын өөртөө засах хошууны нутагт бүртгэгдсэн газар хөдлөлтийн голомт нь Люгоу тосгонд 10 км-ийн гүнд байсан аж.
Газар хөдөлсний улмаас байшин, зам болон бусад дэд бүтэц сүйдсэн бөгөөд хэд хэдэн тосгонд цахилгаан хангамж тасалдаж, ус тасарсан байна.БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэхүү харамсалтай үйл явдалтй холбогдуулан эрэн хайх, аврах ажлыг бүх хүчээ дайчлан зохион байгуулж, гамшигт өртсөн хүмүүсийн амь нас, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахыг уриалжээ.
Одоогоор Гансү мужийн Гал түймэртэй тэмцэх, аврах ангиас 580 аврагчийг 88 гал унтраах машин, 12 эрэн хайх, аврах нохой, 10 мянга гаруй техник хэрэгслийн хамт гамшгийн голомт руу илгээжээ.
Төмөр замын удирдах газраас газар хөдлөлтийн бүсээр дамжин өнгөрөх зорчигч болон ачааны галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоож, төмөр замын аюулгүй байдлыг шалгахыг үүрэг болгосон байна.
БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас тус газар хөдлөтөд Монгол хүн өртсөн эсэх талаар тодруулахад, "Маш харамсалтай үйл явдал боллоо. Одоогоор 105 хүн амь насаа алдсан гэх мэдээлэл байна. Тус газар хөдлөлтөд Монгол хүн өрөөгүй" гэсэн мэдээллийг өглөө.
Сануулахад, Өнгөрөгч 2022 оны есдүгээр сард Хятадын Сичуань мужид 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 60 гаруй хүн амиа алдаж байсан билээ.
Сэтгэгдэл үлдээх