ЖУРАМ: Асрамжийн газарт амьдарч байгаа 14 хүртэлх насны хүүхдэд данс нээлгэж, хүүхдийн мөнгийг хадгалуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмлээ
Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол гарлаа. Ингэснээр бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 650 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 540 мянган төгрөг болж байна. Энэ тогтоолыг ирэх сарын 1-нээс дагаж мөрдөнө.
Монгол Улсын Засгийн газраас хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан 2018, 2019, 2020, 2022, 2023 онд нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн. Ингэснээр дундаж тэтгэврийн хэмжээ 685.6 мянган төгрөгт хүрч, 2016 онтой харьцуулахад 2.2 дахин нэмэгдсэн.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан 2023 оны арваннэгдүгээр сарын мэдээгээр нийгмийн даатгалын сангаас нийт 493.0 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 59 орчим хувь буюу 288.4 мянган тэтгэвэр авагч бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байна.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэв
Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн сард 375 мянга, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 302500 төгрөг болголоо.
Монгол Улсын Засгийн газар 2023 оны долдугаар сарын 01-нээс нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 12.8 хувиар нэмэгдүүлж 325,000 төгрөг, харин 2020 оноос хойш нэмэгдээгүй байсан асаргааны тэтгэмж 84,500 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж 275,000 төгрөг болгосон. Мөн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэний тэтгэмж 123,100 төгрөгийг мөн адил 275,000 төгрөгт хүргэж нэмэгдүүлсэн юм.
Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгчээ алдсан хагас болон бүтэн өнчин хүүхдүүд гэх зэрэг нийгмийн зүгээс анхаарал халамж зайлшгүй шаардлагатай 65.6 мянган иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авч байна. Мөн 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр тусламж олгохоор болсон. Энэ тусламжид нийт 12.8 орчим мянган хүүхэд хамрагдаж байна.
Асаргааны тэтгэмжид байнгын асаргаа шаардлагатай иргэн /ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд/-ийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 65.9 мянган иргэн байна.
Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
“Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа. Төрөлжсөн асрамжийн газарт амьдарч байгаа 14 хүртэлх насны хүүхэд бүрд асрамжийн газар нь данс нээлгэж, хүүхдийн мөнгийг банканд бүрэн хадгалуулна. Харин 14 ба түүнээс дээш насны хүүхэд бүрд хүүхдийн мөнгөний 80 хувийг банканд хадгалуулж, 20 хувийг хүүхэд өөрөө захиран зарцуулах зориулалт бүхий харилцах дансыг нээлгэх бөгөөд энэ данс нь цахим карттай байна.
Ингэснээр асрамжийн газарт байгаа хүүхдүүд хүүхдийн мөнгөний 20 хувийг картаар авч хичээлийн хэрэгсэл авах, секц, дугуйланд хамрагдах зэргээр өөрийн хэрэгцээнд зарцуулах боломж бүрдэх юм. Үлдсэн 80 хувийг одоогийн зохицуулалтаар буюу хүүхдийн хадгаламжийн данстай холбон хадгаламж хэлбэрээр авдаг зарчим хэвээр хэрэгжинэ.
2024 оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 20 байгууллагын халамж, асрамжийн 29 төвд 0-18 насны нийт 924 хүүхэд, залуус өсөж хүмүүжиж байна. 2021 оны Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмын өөрчлөлтөөр хүүхдийн эрхийн байцаагчийн дүгнэлтээр дансанд нь хуримтлуулдаг болсон юм.
Экспортлохоор бэлтгэсэн хонь, үхрийн махнаас дотоодын нөөцийг нэмэгдүүлнэ
“Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн махны хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийн хөөрөгдөл бий болохоос урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Ажлын хэсэг танилцуулга хийлээ.
Танилцуулгатай холбогдуулан хувийн хэвшил, аж ахуй нэгжүүдийн олон улсад экспортлохоор бэлтгэсэн хонь, үхрийн махнаас дотоодын махны нөөцийг зохих хувиар нэмэгдүүлэх боломжийг судлан шийдвэрлэхийг холбогдох хүмүүмт үүрэг болголоо.
Товч мэдээ
· Орон нутагт малын сэг, зэмийг цэвэрлэх зайлшгүй шаардлагыг харгалзан зарим сумын Тамгын газарт тээврийн хэрэгсэл, техникийг худалдан авахад шаардагдах нэг тэрбум 800 сая төгрөгийг 2024 оны батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд даалгав.
· Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
· 2024 оны нэгдүгээр сарын 23-нд гарын үсэг зурсан “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав.
· Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгууллаа.
· Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
· Улаанбаатар хотноо 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурлын бэлтгэлийг хангах чиг үүрэг бүхий Ажлын албыг Гадаад харилцааны яамны дэргэд байгууллаа.
Сэтгэгдэл үлдээх