Цэс Close

ХЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн дэмжив

Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.03.20) хуралдаан 10 цаг 58 минутад гишүүдийн 63.2 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эхлээд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил төсөл санаачлагчийн илтгэлийг  танилцуулав.

Хууль зүйн байнгын хорооноос 2021 оны 22 дугаар тогтоолоороо Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Ц.Мөнх-Оргил гишүүнээр ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Ж.Батсуурь, С.Бямбацогт, Ц.Сандаг-Очир, Б.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Монгол Улс 1992 онд нийгэм, улс төрийн шинэ тогтолцоонд шилжиж, түүхэндээ анх удаа Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нэртэй Үндсэн хуулийн шүүхтэй болсон бөгөөд 1992 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг баталсан болохыг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав. Үүнээс хойш зарим нэмэлт, өөрчлөлт орсон ч Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчим, нийгмийн хөгжлийн чиг хандлага, эрх зүйн шинэтгэлийн үйл явцтай уялдсан дорвитой өөрчлөлт хийгдээгүй хэмээн онцолсон. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг анх 23 зүйлтэй баталж байсан ч өнгөрсөн хугацаанд 12 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, өнөөдрийн байдлаар 13 зүйл нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юм.

Өнгөрсөн 32 жилийн хугацаанд Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн харилцаанд гарч буй өөрчлөлт, хөгжлийн хурд, нийгмийн хэрэгцээг дагаж шүүх эрх мэдлийн бусад байгууллагын нэгэн адил Цэцийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг шинэчлэн боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна хэмээн Хууль зүйн байнгын хороо үзэж тодорхой үүрэг өгч ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсэг гуч гаруй жилийн алдаа, оноог дүгнэн цэгнэж, дэлхий дахинаа төлөвшин хөгжиж буй Үндсэн хуульт ёс, Үндсэн хуулийн шүүхийн өсөн нэмэгдэж буй үүрэг, хүний эрхийг тодорхой тохиолдолд хамгаалах хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн өнгөрсөн 2.5 жилийн хугацаанд тасралтгүй ажиллан хуулийн төслийг боловсруулжээ. Ингэхдээ Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Ерөнхий прокурор, Улсын Их Хурлын Тамгын газар, эрдэмтэн судлаачдыг оролцуулан ажлын дэд хэсгийг байгуулан мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын туслалцаа авсан болохыг Ц.Мөнх-Оргил гишүүн танилцуулав.

Ажлын хэсгийн зүгээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд тулгамдаж буй асуудлыг тодруулж, эрдэмтэн, судлаач, хуульч нартай зөвлөлдөж, хэлэлцүүлэг өрнүүлэх зорилгоор зохион байгуулсан ажлуудын талаар тэрбээр дэлгэрэнгүй дурдсан. Ингээд Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд оруулсан зарчмын өөрчлөлтийг танилцуулав.

Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг тодорхой болгожээ. Цэцийн гишүүн эрх зүйч байхын зэрэгцээ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэсэн шаардлагыг тусгайлан оруулсан байна. Цэцийн гишүүний хараат бус, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх зорилгоор “Цэцийн гишүүнээр зөвхөн нэг удаа дахин томилж болно” гэж олон улсын сайн туршлагыг төсөлд тусгажээ. Цэцийн гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох хугацааг нарийвчилж зохицуулсан байна. Тодруулбал, Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө, эсхүл гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон өдрөөс хойш 45-аас дээшгүй хоногийн дотор эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг хангасан иргэнийг нэр дэвшүүлж, саналаа Улсын Их Хуралд хүргүүлэхээр заажээ. Түүнчлэн Цэцийн гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох журмыг тодорхой тогтоож, Цэцийн гишүүнд нэр дэвшигчийн танилцуулгыг олон нийтэд нээлттэй мэдээллэж байх нь зүйтэй хэмээн үзэж холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Түүнчлэн Цэцийн нийт гишүүний хуралдааныг байгуулж, холбогдох бүрэн эрхийг олгох, Цэц үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэхээр хуулийн төсөлд заасан бөгөөд ийнхүү Цэцэд хандах хүрээ нэмэгдэхтэй уялдуулан Цэцийн гишүүн нэг туслах, нэг судлаачтай байх, Цэцийн гишүүний хараат бус байдлыг хангах, хамгаалахаар олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхээр, бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах үндэслэл, журмыг төсөл нарийвчлан тусгажээ.

Түүнчлэн эрхээ сэргээлгэх хуульд заасан арга замыг дуусгасны дараа уул эрх нь зөрчигдсөн хэвээр гэж үзсэн иргэн Цэцэд гаргах эрхийг тусгасан хэмээн Ц.Мөнх-Оргил гишүүн төсөл санаачлагчийн илтгэлдээ дурдав. Иргэн эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл Цэцэд өргөдөл гаргах эрхтэй байгаа нь Цэц үндсэн эрхийн маргааныг хянан шийдвэрлэх агуулгатай бөгөөд Үндсэн хуулийн анхны үзэл баримтлал нь үүнд чиглэсэн байна гэж ажлын хэсэг үзжээ. Иймд иргэний үндсэн эрхийн зөрчлийг Үндсэн хуулийн түвшинд хамгаалах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй хэмээн холбогдох зохцуулалтыг төсөлд тусгасан байна.

Төсөл санаачлагчийн дээрх илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ц.Мөнхцэцэг, Д.Цогтбаатар нар асуулт асууж, хариулт авсан бол төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат үг хэлсэн юм. Үргэлжлүүлэн хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 54.5 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Дараа нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцууллаа.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд тусгасан зарчмын 8 өөрчлөлтийн талаар тэрбээр дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тухайлбал, Цэц иргэний “үндсэн эрх” зөрчигдсөн тухай иргэний өргөдлийг хүлээн авч хянан шийдвэрлэхээр зохицуулав. Түүнчлэн маргаан хянан шийдвэрлэх хэлбэрийг ялган зохицуулжээ. Дэлхийн олон улсад Үндсэн хуулийн шүүх нь шүүгчдээс бүрдсэн зөвлөлдөөнөөр маргааныг шийдвэрлэх, эсхүл маргааныг амаар хэлэлцүүлэх нь маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой гэж үзвэл хуралдаан хийж, маргагч, хариуцагч болон бусад оролцогчийг оролцуулан шийдвэрлэдэг журам үйлчилдэг байна.

Манай улсын тухайд маргааныг заавал танхимд хэлэлцүүлсний үндсэн дээр шийдвэрлэх хуулийн зохицуулалт үйлчилж иржээ. Харин төсөлд Цэцийн хуралдааныг хуралдаан, зөвлөлдөөн гэсэн 2 хэлбэртэй байхаар тусгажээ. Маргаан хянан шийдвэрлэх хугацааг ердийн шүүхийн болон олон улсын сайн туршлагад нийцүүлэн өөрчилснөө Ц.Мөнх-Оргил гишүүн танилцуулсан юм. Цэц маргааныг үүсгэснээс хойш 90 хоногийн дотор хянан шийдвэрлэх бөгөөд тухайн маргаан ээдрээ, төвөгтэй бол энэ хугацааг 90 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болохоор заажээ. Түүнчлэн Цэцэд хандаж өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргахад хугацааг ялгамжтайгаар зохицуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Цэц нь үндсэн эрхийн маргааныг хянан шийдвэрлэх, маргаан үүсгэх эсэх асуудлыг Цэцийн бага суудлын хуралдаанаар шийдвэрлэдэг байхаар шинэлэг зохицуулалтбг мөн төсөлд тусгажээ. Түүнчлэн өргөдөл, мэдээллийг Бага суудалд хуваарилахаас өмнө хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягтлан үзэх үүрэг бүхий ерөнхий бүртгэгчийг ажиллуулах нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох тайлбар үндэслэлээ дэлгэрэнгүй танилцуулсан. Өргөдөл, мэдээлэл, хүсэлт, маргааныг урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилах болон холбогдох бусад журмыг баталж хэрэгжүүлэхээр заасан байна. Мөн Цэцийн шийдвэр, түүний үндэслэлийг бичих хугацааг тодорхой зохицуулж, Цэц Үндсэн хууль зөрчсөн хууль, бусад шийдвэр, тэдгээрийн холбогдох зүйл, заалтын үйлчлэлийг түдгэлзүүлэх нь зүйтэй хэмээн үзэж холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Цогтбаатар нар асуулт асууж, хариулт авсан бол төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60 хувь нь дэмжиж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа

“Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр Байнгын хорооны хуралдаан үргэлжилсэн юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Гишүүдийн олонх буюу хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 10 гишүүний 6 нь дээрх төслийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Энэ өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд нэмсэн 29.3.3 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “… Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн байна. Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хуралдаанд танилцуулав.

Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд “сүүлийн 6 хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй.” гэсэн 29.3.3 дахь заалт нэмсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “... Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна хэмээн үзжээ.

Хуралдаанд оролцсон гишүүд Байнгын хорооны даргын танилцуулгатай холбогдуулан тодруулга хийх, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд санал хураалт явуулахад гишүүдийн Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы 03 дугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлыг цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа.

Тус Байнгын хороо энэ сард Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай“ Улсын Их Хурлын тогтоолын төсөл; Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр тогтоолын төсөлд тусгажээ.

Хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэхүү цаглавар хамаарахгүй гэдгийг Д.Цогтбаатар гишүүн танилцуулав. Төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул төслийг батлах санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжснээр “Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы 03 дугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлыг цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдав

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах