Цэс Close

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ ба хамтдаа хөгжилд хүрэхийн төлөө...

Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын бүх гишүүн орнууд 2015 онд Ерөнхий ассамблейн 70 дугаар чуулганаар Тогтвортой хөгжлийн төлөө  2030 он хүртэл ажиллах мөрийн хөтөлбөр буюу Тогтвортой хөгжлийн зорилгуудыг баталсан. “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх 17 зорилго, 169 зорилт бүхий дэлхийн нийтийн бодлогын баримт бичиг бөгөөд 2016 оны нэгдүгээр сарын 01-нээс албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн билээ.

    Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд улс орнуудын Парламент, Засгийн газар нь дангаараа үүрэг хүлээх бус иргэн, аж ахуй нэгж, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид, институтууд гээд бүхий л оролцогч талуудын хүчин чармайлт, оролцооны үндсэн дээр улс орныхоо онцлог, нөхцөл байдалтай уялдуулан хэрэгжүүлж байна.  Монгол Улсын хувьд 2016 онд “Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн үзэл баримтлал-2030”-ыг баталсан. 

    “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” бодлогын баримт бичгээр тодорхойлсон 17 зорилгод хүрэх явцыг хурдасгах, дэмжих үүднээс Ази-Номхон далайн бүс нутгийн улс орнууд 2022 оноос эхлэн тогтвортой байдлын яриа хэлэлцээ чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Чуулга уулзалтын сэдэв, хэлэлцэх асуудлыг зохион байгуулж буй бүс нутгийн онцлог, оролцох улс орнуудын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээс шалтгаалан тодорхойлдог. 

“Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2022: Уур амьсгалын өөрлөлтийн эсрэг хүрээлэн буй орчинд ээлтэй шийдлүүд боловсруулах, залуу үеийнхний оролцоо”

    Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо 2022 оны 10 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г анх удаа Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн судалгааны төв, НҮБ-ын 8 найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ий байгуулсан “Бан Ги Мүн” сан хамтран зохион байгуулсан. Ази-Номхон далайн бүс нутгийн эрдэмтэн судлаачид, бодлого тодорхойлогчид болон нийгмийн шинжлэх ухааны төлөөллийг багтаасан энэхүү чуулга уулзалтыг Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүрээлэн буй орчинд ээлтэй шийдлүүд боловсруулах, залуу үеийнхний оролцоо гэсэн агуулгын хүрээнд  зохион байгуулсан бөгөөд тус чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа нар  үндсэн илтгэгчээр оролцсон юм. 

    Чуулга уулзалтаар нийгмийн шинжлэх ухааны тэргүүлэх эрдэмтэн, судлаачид, бодлого боловсруулагчид, залуу манлайлагчид сонгосон зорилтот сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, бүс нутгийн туршлага, дэвшилтэт санаачилгуудыг хуваалцсан төдийгүй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүрээлэн буй орчинд ээлтэй шийдлүүдийг боловсруулж, залуу үеийнхний оролцоог дэмжихийн тулд Стэнфордын Их сургууль болон Ази-Номхон далайн бүс нутгийн их сургуулиудын оюутнуудын төлөөлөл судалгааны ажлаасаа хэлэлцүүлсэн байна. 

“Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2023: Эрчим хүчний аюулгүй байдал”

    Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо 2023 оны 09 дүгээр сарын 12-ноос 14-ний өдрүүдэд ээлжит чуулга уулзалт “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2023: Эрчим хүчний аюулгүй байдал” сэдвийн хүрээнд болсон. 7 орны төлөөлөгч оролцсон тус чуулга уулзалтыг  Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн судалгааны төв, “Бан Ги Мүн” сан хамтран зохион байгуулж, Монгол Улсаас Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар оролцсон юм.

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулга уулзалтын нэгдүгээр хэсэгт тавьсан үндсэн илтгэлдээ, Цөмийн, байгалийн хийн, метан хийн, устөрөгчийн гэхчилэн эрчим хүчний шинэ эх үүсвэр, технологиудыг хүчин чадлын хувьд зохистой байдлыг нь тодорхойлох судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлнэ. Иймд эдгээр салбаруудад хамтын ажиллагааг идэвхжүүлэх бүхий л боломжийг эрэлхийлэхийн зэрэгцээ ногоон технологид шилжих зорилтыг нэн тэргүүнд дэвшүүлж байгааг тэмдэглэсэн. Мөн салбар хэлэлцүүлгүүдэд панелистаар Улсын Их Хурлын гишүүн асан, Уур амьсгалын ногоон сангийн Гадаад хэрэг хариуцсан захирал С.Оюун, Улсын Их Хурлын гишүүн асан, Митчел сан төрийн бус байгууллагын тэргүүн А.Ундраа нар ажилласан юм. 

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2023: Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил”

    “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтаас салбарлан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2023 оны 06 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Ази дамнасан бүс нутгийн улс орнуудыг оролцуулан “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтыг зохион байгууллаа. 

    Тогтвортой хөгжлийн зорилгын 5 дугаар зорилго болох жендэрийн тэгш байдлыг хангах асуудал дээр төвлөрсөн тус чуулга уулзалтыг Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн судалгааны төв, “Бан Ги Мүн” сан, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Эва” Эмэгтэйчүүдийн Их сургууль хамтран зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн чуулганаар тогтвортой нийгэм, ирээдүйг бүтээхэд жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь хөгжлийн ахиц дэвшлийн хөдөлгөгч хүч гэж үзэж, олон улсын төвшинд нэр хүндтэй нөлөө бүхий илтгэгчид эмэгтэйчүүдийн манлайлал, хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн эрх тэгш байдал, боловсролын салбар дахь жендэрийн эрх тэгш байдал, жендэрт суурилсан хүчирхийлэл ба хүний эрхийн талаар Монгол Улсад болон бүс нутагт тулгамдаж буй асуудлаар, мөн Алтай судлалын олон улсын чиг хандлага гэсэн өргөн сэдвүүдээр хэлэлцсэн юм.     Тус чуулгад нийт 10 орны 200 гаруй төлөөлөгч оролцсон.

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-“Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс,

бат бэх институт”

    Ази дамнасан бүс нутгийн дөрөв дэх удаагийн чуулга уулзалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2024 оны 4 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-“Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, бат бэх институт” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төв, “Бан Ги Мүн” сан хамтран зохион байгуулах тус чуулга уулзалтад 11 улсын 300 гаруй төлөөлөгч оролцоно. 

    Монгол Улсад хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж буй тус чуулга уулзалт нь төр, эрдэм шинжилгээ, иргэний нийгмийн төлөөллөөс бүрдсэн олон талт хамтын ажиллагаа, түншлэлийг идэвхжүүлэх замаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилгын хэрэгжилтийг хурдасгахад чиглэгдэх бөгөөд бүх талын оролцоог хангасан нийгмийг хөгжүүлэх асуудлаар олон улсын эрдэмтэн судлаачид мэдлэг, туршлага солилцож хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Түүнчлэн, Алтай дамнасан бүс нутгийн язгуур түүх, хэл, археологи, соёлын түүхэн болон өнөөгийн судалгаа, төлөвийн талаар эрдэмтэн, судлаачид хэлэлцэх болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах