Цэс Close

Гадаад харилцаа, спортын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэв

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Маналогийн Монгол Улсад хэрэгжүүлж буй айлчлалын хүрээнд дараах баримт бичгийг талууд байгуулав.

Санамж бичгүүдэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Гадаад хэргийн сайд Энрике А.Манало гарын үсэг зурав. Тухайлбал,

Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

Монгол, Филиппиний Гадаад харилцааны яамд хооронд 2013 онд байгуулсан санамж бичгийг шинэчилж, Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааны механизмыг бүрдүүллээ. Ингэснээр хоёр улсын хувьд харилцан ашигтай, нийтлэг сонирхол бүхий салбарууд болох гадаад харилцаа, соёлын солилцоо, хөдөлмөр эрхлэлт, боловсрол зэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахад чиглэсэн яриа хэлэлцээг эрчимжүүлэх, энэ үйл хэрэгт Гадаад харилцааны яамдын оролцоог хангахаар талууд тохиролцов.

Спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Филиппин Улсын Спортын хороо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

Монгол, Филиппиний спортын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг анх 2013 онд байгуулсан бөгөөд спортын салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэх зорилгоор уг санамж бичгийг шинэчлэв.

Энэхүү санамж бичгийн хүрээнд олон улсын болон үндэсний тэмцээнд оролцож, багш, дасгалжуулагч, тамирчдыг харилцан солилцож, найрсаг тэмцээн зохион байгуулж, спортын салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллана. Зүүн Өмнөд Азийн бүс нутагтаа спортын чиглэлээр, тэр дундаа сагсан бөмбөг, боксын чиглэлээр олон улсын түвшинд чамгүй амжилтыг гаргадаг Филиппин Улстай ийнхүү биеийн тамир, спортын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь олон талын давуу талтай бөгөөд залуу үеийн спортын авьяасыг илрүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг хэрэгжүүлэхийг зорино.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах