Цэс Close

Дархан-Уул аймаг дахь “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр

     Аравдугаар сарын 4-ний өдөр, Дархан-Уул аймгийн засаг даргын тамгын газрын Хүндэтгэлийн өргөөнд Япон Улсын Засгийн газрын 2024 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд М.Игавахара болон Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал нар гарын үсэг зуржээ. Элчин сайд М.Игавахара “Энэ удаагийн төсөл хэрэгжснээр Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн сурагчид, багш ажилчид илүү тав тухтай орчинд сурч боловсрох, боломж бүрдэнэ гэж найдаж байна” хэмээв.

Мөн Засаг дарга Б.Азжаргал “Дархан-Уул аймагт Боловсролоос гадна бусад олон салбарт дэмжлэг үзүүлж буй Япон Улсын Засгийн газар, Японы ард түмэнд аймгийн нийт иргэдээ төлөөлж талархал илэрхийлье” гэж хэлэв.

Уг төслийн хүрээнд 18 дугаар сургуулийн хичээлийн байрны дээврийг засварлах юм. Тус хичээлийн байрны дээвэр нь олон жилийн ашиглалтаас үүдэж ихэд хуучирч, муудан, дусаал гоождогоос үүдэж сургуулийн 1338 сурагч, 91 багш ажилтан нар эрүүл, аюулгүй орчинд сурч, ажиллахад хүндрэл учирч байгаа юм. Төсөл хэрэгжснээр эрүүл, аюулгүй сургалтын орчин бүрдэх юм.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 605 дахь, Дархан-Уул аймагт хэрэгжих 25 дэх төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 100,138 ам.доллар юм.

Үүний зэрэгцээ Элчин сайд өнгөрсөн оны есдүгээр сард анхны сурагчдаа хүлээж авсан Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Коосэн сургуульд зочилж, тус сургуулийн хичээлийн байр, сургалтын явцыг үзэж сонирхон дараагаар нь анх удаа хамтарсан кредит олгох механизм (JCM: The Joint Crediting Mechanism) –ын тусламжийн хүрээнд баригдсан нарын цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцжээ.

10人、オーバル・オフィス、テキストの画像のようです
Эх сурвалж: Японы Элчин сайдын яам

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах