2024 оны II ээлжийн цэрэг татлагатай холбогдуулан Нийслэлийн цэрэг татлагын товчоо хуралдлаа
Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны II ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн цэрэг татлагын товчоо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар цэрэг татлагыг зохион байгуулах байранд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийх, иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг цаг тухай бүр хурдан хугацаанд шийдвэрлэх асуудлаар хэлэлцлээ. Мөн хуралдааны үеэр төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс цэрэг татлагад хамрагдах эрчүүдийн эрүүл мэндийн асуудал болоод цаашид анхаарах шаардлагатай зарим зүйлсийн талаар мэдээлэл хүргэлээ. Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах мэдэгдлийн тараалт 72.2 хувьтай үргэлжилж байна.
Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Өмнө нь бид цэргийн төв дамжин дээр давтан үзэж дахин онош тавьдаг байсан. Энэ удаагийн цэрэг татлагаар дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдсэн үзлэгийн дараагаар шууд цэргийн ангид хүргэгдэхээр зохион байгуулж байна. Мөн хугацаат цэргийн албан хаагчдыг алба хаах хугацаанд нь боловсролтой болгох гэсэн томоохон зорилт тавьж англи хэл, компьютерын мэдлэгийг дээшлүүлэх зарим хичээлийг хөтөлбөртөө тусгаад буй” гэлээ.
Нийслэлийн есөн дүүрэг дэх цэрэг татлагын байрууд:
- Баянгол дүүрэгт 96 дугаар сургууль
- Баянзүрх дүүрэгт 14 дүгээр сургууль
- Сонгинохайрхан дүүрэгт 83 дугаар сургууль
- Хан-Уул дүүрэгт 34 дүгээр сургууль
- Чингэлтэй дүүрэгт 5 дугаар сургууль
- Сүхбаатар дүүрэгт 3 дугаар сургууль
- Багануур дүүрэг Гүн галуутай цогцолбор сургууль
- Налайх дүүрэг Политехник коллеж
- Багахангай дүүрэг Хангай цогцолбор сургууль дээр тус тус цэрэг татлагыг зохион байгуулна.
Сэтгэгдэл үлдээх