Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах төлөвлөгөөг танилцуулав
Монгол Улсын батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний дийлэнх хувийг эрчүүд эзэлдэг. Тэд эх орондоо өргөсөн тангараг, хариуцсан ажил албандаа хүлээсэн үүрэг хариуцлага ихтэйгээс гадна гэр бүл, үр хүүхдүүдийнхээ хайр халамж, түшиг тулгуур билээ. Гэтэл монгол эрэгтэй хүмүүсийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс бага байгаа нь нийгмийн тулгамдсан асуудал болоод байна.
Иймээс Монгол Улсын Засгийн Газар, Жендэрийн Үндэсний Хорооноос Монгол Улсын Ерөнхий сайдын 71 дүгээр захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)”-г танилцуулж, ажил хэрэг болгох ажил орон даяар өрнөөд байгаа билээ.
Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр Жендэрийн үндэсний хорооны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг Батлан хамгаалах яам болон харьяа байгууллагуудын албан хаагчдад уг төлөвлөгөөний дагуу эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх гарц, шийдлийн талаар танилцуулж, мэдээлэл хүргэж, харилцан санал солилцов.
Жендэрийн үндэсний хороо нь энэхүү төлөвлөгөөгөө тайлбарлан таниулах сарын ажлаа 10 дугаар сарын 9-ний өдрөөс эхэлсэн бөгөөд энэ хугацаанд төрийн захиргааны төв болон төрийн, төрийн бус 67 байгууллагын ажилтан, алба хаагчдад танилцуулах ажээ.
Ташрамд дурдахад, монгол эрэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүг багасгах, бага наслалтын учир шалтгааныг олж тогтоохын тулд эрэгтэйчүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулах, зам, тээврийн шалтгаант ослоос урьдчилан сэргийлэх замаар эрэгтэйчүүдийн осол гэмтэл, нас баралтыг бууруулах, хөвгүүд, эрэгтэйчүүдийн эрүүл зөв аж төрөх мэдлэг, хандлага, дадлыг сайжруулах замаар чанартай, урт наслалтыг дэмжих зэрэг өргөн цар хүрээнд олон ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна.
Сэтгэгдэл үлдээх