Цэс Close

Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв 2-3 жилийн дотор ашиглалтад орохоор төлөвлөгдөж байна

Хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ сургалтын цогцолбор бүхий хоёрдугаар төв Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд 2-3 жилийн дотор ашиглалтад орох төлөвтэй байна.

Нийт 15 газарт, 95 мянган м.кв талбай бүхий энэ төвийн дэд бүтцийг барихад шаардагдах хөрөнгийг энэ оны улсын төсөвт тусгасан. Мөн төвд ажиллах 1,500 эмч, ажиллагсдыг ирэх сараас АНУ-ын Ютагийн их сургуультай хамтран сургаж эхлэх юм.

Ерөнхийлөгч өмнө нь захирамж гарган, Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг барихад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгуулсан.

Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар тэргүүтэй Ажлын хэсэгт Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Алтаншагай, Л.Мөнхбаясгалан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, АШУҮИС-ийн захирал Б.Дамдиндорж, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү нар багтсан юм.

Манай улсад жилд 7,000 хүн хорт хавдраар өвчилж, 4,500 хүн нас бардаг бөгөөд энэ хэвээр үргэлжилбэл 2040 он гэхэд өвчлөл хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцооллыг ДЭМБ гаргасан байна.

Хавдрын шалтгаант нас баралт нийт нас баралттай харьцуулахад дэлхийд 17 хувьтай байхад манайд 24 хувьтай төдийгүй, хорт хавдраар өвдсөн иргэдийн 70 орчим хувь нь хожуу шатандаа оношлогддог.

Цаашид иргэдийг эрт илрүүлэгт хамруулах, иргэд амьдарч байгаа бүс нутагтаа хавдрын эсрэг эмнэлгийн тусламж, үйлчилгээ авдаг болох, хавдраас шалтгаалсан нас баралтыг бууруулах бодлого барин ажиллах юм байна.

Энэ үүднээс Хавдар судлалын үндэсний төвийг өргөтгөх, аймгуудын  эмнэлгийг техник, тоног төхөөрөмжөөр хангах хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусгажээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах