"Чингис хаан” үзэсгэлэнг Польшийн Үндэсний түүхийн музейд гаргана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Польш Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Польшийн Үндэсний түүхийн музейн удирдлагатай Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун уулзаж, музей хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх, "Чингис хаан” үзэсгэлэнг гаргах асуудлыг ярилцаж тохиролцжээ.
Чингис хаан Үндэсний музей нь дэлхий дахинд үндэсний өв соёлоо сурталчлах, Эзэн Богд Чингис хааныхаа түүхийг үнэн зөвөөр таниулах зорилгоор “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг 2023 онд Франц Улсын Нант хотын Бретангийн гүнгийн ордонд, 2025 онд БНЧУ-ын Прага хотод тус тус гаргаад буй. Мөн аравдугаар сард Щвейцарын Цюрих хотын Ритберг музейд, 2026 онд Берлины түүхийн музейд, 2027 онд Канадын Торонто, Ванкувер, АНУ-ын Чикаго хотод гаргахаар төлөвлөөд буй.
Ташрамд сонирхуулахад, Польшийн Үндэсний түүхийн музейн барилгыг шинэчилж 2023 онд үйл ажиллагаагаа эхлүүлснээр ЮНЕСКО-гийн шагнал авсан барилга болсон бөгөөд Европын топ таван музейн нэгээр шалгарсан байна.
Сэтгэгдэл үлдээх