Цэс Close

Нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөн болно

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөнийг 2025 оны зургаадугаар сарын 20-ны өдөр товлолоо. Нийт шүүгчийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэхтэй холбоотой зарим хууль тогтоомж, холбогдох журам, аргачлалд өөрчлөлт оруулах тухай санал, мөн хууль санаачлагчаас ирүүлсэн “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл” болон “Эвлэрүүлэн зуучлах тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн төсөл”-д санал өгөх асуудлуудыг хэлэлцэнэ.

Мөн Үндсэн хуулийн цэцээс ирүүлсэн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх асуудлаар Улсын дээд шүүхээс тайлбар авах тухай албан бичиг болон Хууль зүй дотоод хэргийн яамнаас ирүүлсэн Олон улсын гэрээний тухай хуулийн 26.5 дахь заалт, “Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенц”-ын 1 дүгээр хавсралтад заасан эх бичвэр, монгол орчуулгыг зөв хэрэглэх талаар тайлбар гаргуулах тухай хүсэлтийг тус тус хэлэлцэхээр болов.

Үүнээс гадна Иргэдийн Оролцооны Нэгдэл намын дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс ирүүлсэн албан бичигтэй танилцахаар товлолоо.

Шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүх бүрэлдэхүүн, хуралдаан даргалагчийг томилох цахим систем ашиглах журмын төсөл, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн албан бичиг болоод бусад асуудлыг хэлэлцэх юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах