Цэс Close

Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр маргааш тохионо

Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр энэ сарын 11 буюу маргааш тохиож байна.

Бурхан багшийн дүйчэн өдрүүдэд Монголчууд эрт дээр үеэсээ бие, хэл, сэтгэлээрээ онцгойлон буян номын үйлэнд шамдаж, нүгэл хилэнцийг тэвчиж, махан хоолыг хорьж, цагаан хоол иддэг уламжлалтай билээ.

Учир нь дүйчэн гэдэг нь <<Их цаг>> гэсэн утгатай бөгөөд энэхүү их цаг тохиох үед алив үйлдсэн буян бум түмээр арвижин дэлгэрч үрд нь амгалан жаргалан гардаг, харин эсрэгээрээ алив үйлдсэн нүгэл мөн ихээр арвижиж үрд нь зовлон зүдгүүр гардаг уг шалтгаантай хэмээн үздэг.

Намрын адаг сарын 22-ны өдөр Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан эхийнхээ ачийг хариулахаар Сүмж-засумын орноо залран очиж, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын өглөгөөр эхийгээ ачлан, нирвааны хутагт хүргэн 33 тэнгэрийн орноос эргэж замбуу тивд залран ирсэн хэмээдэг.

Энэ нь бурхан багшийн 12 их зохионгуйн нэг бөгөөд жилд тохиох дөрвөн их дүйчэн өдрийн нэг тул намрын адаг сарын 22-ны өдрийг “Эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр” хэмээн бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн билээ.

Энэ өдөр эцэг эхийнхээ ачийг санаж, ариун буяныг үйлдэн, хилэнц нүглийг тэвчиж, ижий аавыгаа баярлуулж, сайн үйл бүтээж, сайхан үг хэлж, бурханы орондоо одсон бол ачлал буяныг нь дурсан хойтын буянд зорин сайн үйлд хичээдэг ёстой.

Тиймээс маргааш МБШТ–Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр буюу билгийн тооллын намрын адаг сарын хуучдын 22-нд сүсэгтэн олонд “Насны авшиг” хайрлана.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах