Цэс Close

Ноос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхээр болжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар экспортыг нэмэгдүүлэх зорилгоор ноос ноолуур, банкны салбарынхантай уулзжээ. 2025 онд 4000 тонн самнасан ноолуур экспортолсон нь 5.7 дахин өссөн үзүүлэлт болж 335 сая долларын орлого олсон.

Өнгөрсөн онд хөдөө аж ахуйн салбар нийт өсөлтийн 40 хувийг бүрдүүлэхэд ноос ноолуурын экспорт зонхилон нөлөөлсөн байна.

Зээлийн хүртээмжийг сайжруулах, экспортын урамшуулалд хамруулах, худалдан авсан түүхий эд болон экспортын гэрээг барьцаалж зээл олгох зэргээр дэмжлэг үзүүлбэл үйлдвэрлэлийн хүчин чадал, экспортыг нэмэгдүүлэх боломжтой гэж тус салбарынхан үзэж байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар зээлийн хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар Монголбанк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй мөн энэ үеэр ярилцлаа.

Ялангуяа дахин зээл авахын тулд өмнөх зээлээ төлсөн байх ёстой гэсэн хатуу шалгуурыг уян хатан болгох тухай ноос ноолуурын салбарынхны хүсэлтийг хөндөв.

Банкуудын тухайд экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. Чанаргүй зээлийн хэмжээ сүүлийн 15 жилд байгаагүйгээр буурч, 4.6 хувьд хүрсэн гэдгийг ч онцоллоо.

Нөөцөлсөн түүхий эд, томоохон хөрөнгө оруулалтын гэрээг барьцаалж зээл олгох, санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүн гаргах зэрэг асуудлыг судалж үзэхийг Монгол банкны Ерөнхийлөгч С.Наранцогт хэлэв.

Уулзалтын үр дүнд гүн боловсруулалт хийж, ээрэх үйлдвэр байгуулах төслийг бодлогоор дэмжих, олон улсын нэр хүндтэй үзэсгэлэнд оролцоход дэмжлэг үзүүлэх, нийслэлд ноолууран бүтээгдэхүүн худалдаалах нэгдсэн цэг байгуулахыг дэмжиж ажиллахыг ХХААХҮЯ-нд үүрэг болголоо.

Сүхбаатар аймагт энэ сарын 21-нд ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулахаар болж, салбарын яам бэлтгэл ажлыг нь хангах ажлын хэсэг томилсон байна. Мөн татварын бодлогоор хэрхэн дэмжиж болох талаар судалж, санал боловсруулахыг Сангийн яаманд даалгажээ.

Эх сурвалж: Засгийн Газар

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах