Хөдөө аж ахуйн тухайн анхдагч хууль батлагдлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хөдөө аж ахуйн тухай хуулийг баталлаа. Энэхүү анхдагч хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, М.Мандхай, Б.Бейсен, Д.Үүрийнтуяа, Б.Бат-эрдэнэ, Г.Хосбаяр нар эдүгээгээс яг нэг жилийн өмнө буюу 2025 оны зургадугаар сарын 19-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм.
Уг хууль нь Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг бүхэлд нь хамарсан анхны суурь хууль болж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм. Хууль хэрэгжиж эхэлснээр хэд хэдэн томоохон өөрчлөлт гарна.
Тухайлбал, мал аж ахуй, тариалан, тэжээл үйлдвэрлэл, агро-ойн аж ахуйг нэг зорилго, нэгдсэн бодлогын хүрээнд уялдаа холбоотой хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэж байна.
Мөн түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх өртгийн сүлжээгээр нь хөгжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд түүхий эд цуглуулах, ангилах, хадгалах, анхан шатны боловсруулах, борлуулах төвүүдийг ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа юм. Ингэснээр малчид, тариаланчид илүү чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд оролцох өрсөлдөх чадвар сайжирч, илүү үр ашиг хүртэх боломж нэмэгдэнэ.
Түүнчлэн төрийн дэмжлэг нь зөвхөн үйлдвэрлэл эрхэлж буй эсэхэд бус, чанар, бүтээмж, стандартын шаардлага хангасан байдал, экспортын чадавх, нэмүү өртөг шингээж буй эсэхэд суурилдаг шинэ зарчимд шилжиж байна.
Үүнээс гадна уур амьсгалын өөрчлөлт, ган, зуд болон бусад эрсдэлийг урьдчилан үнэлэх, сэргийлэх, удирдах зохицуулалтыг хуульд тусгаж, эдгээрийг хөдөө аж ахуйн даатгалын тогтолцоотой уялдуулснаараа онцлог юм.
Хөдөө аж ахуйн тухай хууль 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
Сэтгэгдэл үлдээх