Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүн бөгөөд Элчин зөвлөх Цао Ли, Бригадын генерал Ши Юунбинь тэргүүтэй төлөөлөгчдийг 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар ижил чиг үүргийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа, хоёр улсын иргэдийн харилцан зорчих хөдөлгөөн, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсон юм.
Уулзалтын эхэнд Монгол, Хятадын харилцаа “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжиж буйг тэмдэглэж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид бүх салбарт улам бүр бэхжинэ гэдэгт илтгэлтэй байгаагаа талууд илэрхийлэв.

Түүнчлэн хоёр орны иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, холбогдох хууль тогтоомж, эрх зүйн зохицуулалттай холбоотой бодит мэдээллээр хангах асуудлыг тодотгосон юм. Тухайлбал, цахим визээр Монгол Улсад нэвтэрсэн гадаадын иргэдийн хууль бусаар хөдөлмөр эрхлэх, визийн хугацаа хэтрүүлэх зэрэг зөрчил сүүлийн жилүүдэд нэмэгдэж буйтай холбогдуулан иргэдийн эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ чухлыг онцлов.
Энэ оны 07 дугаар сарын байдлаар Монгол Улсад 129 орны 45,297 гадаадын иргэн оршин сууж байгаагаас 60 гаруй хувийг БНХАУ-ын иргэд эзэлж байна. Монгол Улсад оршин сууж буй БНХАУ-ын иргэдийн дийлэнх нь хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин суух зөвшөөрөлтэй байна.

