Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө

Хуваалцах

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр өнөөдөр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай 21 аймагт тулгамдаж буй асуудлын хүрээнд уулзаж, орон нутагт санхүүгийн эрх мэдлийг үе шаттай нэмэгдүүлэх, хууль, эрх зүйн шинэчлэл хийх боломжийн талаар хэлэлцлээ. Түүнчлэн, 2027 оны төсөвт аймгуудад шаардлагатай зарим төслийг тусгах, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх боломжтой хөрөнгө оруулалтын ажлыг судлан танилцуулахыг үүрэг болголоо. 

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хүрээнд орон нутгуудад уламжлал мэт тогтчихсон, жил бүр өвөлжилтийн бэлтгэл хангахад тулгамддаг асуудлыг нэг мөр цэгцлэх бодлого баримталж байна. Тиймээс Төрийн нарийн бичгийн дарга нар салбарт нь угжирсан, царцанги байдалд орсон асуудлыг дахин давтагдуулахгүйгээр дуусгахад ямар бодлого баримталж, эрх зүйн шинэчлэлийг хэрхэн хийх вэ гэдгийг судалж, танилцуулна. 

Шадар сайд 21 аймагт ажиллах үеэр эрчим хүч, дулааны дэд бүтэц, сумдын автомашин, сургууль, цэцэрлэг, усан бассейн, соёлын төвийн барилгын асуудал нийтлэг дурдагджээ. Цаашид улсын төсөв бүхнийг шийднэ гэсэн хандлагаа зогсоож, орон нутгууд өөрсдийн нөөц боломждоо тулгуурлан асуудлаа шийдвэрлэх шаардлагатайг онцлов. Өөрөөр хэлбэл, орон нутгийн удирдлагууд бизнес сэтгэхүйгээр ажиллаж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар тулгамдсан асуудлаа шийдвэрлэж ажиллах нь чухал буйг тодотгож байна. 

Бүтээн байгуулалтын хугацаа богинохон боловч худалдан авах ажиллагааны хугацаа удаан байна. Үүнээс шалтгаалж хөрөнгө оруулалтын ажил зогсох, олон жил үргэлжлэх зэрэг асуудал гарч байгааг хууль, эрх зүйн хувьд шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх, Засгийн газраас баталсан бодлого, шийдвэрийг орон нутагт бодитоор хэрэгжүүлэхэд анхаарахыг Шадар сайд Н.Номтойбаяр Төрийн нарийн бичгийн дарга нарт даалгалаа. 

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн