COP17: Дэлхийн улс орнуудын Засгийн газрын төлөөлөгчид Улаанбаатарт хэлэлцэж байна

Хуваалцах

     Улаанбаатар хотод энэ өдрүүдэд COP17 болж байна. Хотын зарим хэсэгт замын хөдөлгөөн зохицуулж, олон орны төлөөлөгчид ирж, “COP17” гэсэн нэр хаа сайгүй харагдах болсон ч энгийн иргэний хувьд нэг асуулт үлдэж байна. Ер нь Монголд яг ямар хурал болоод байгаа юм бэ? Үүнийг ойлгохоос өмнө “COP” гэдэг үгийг тайлбарлах хэрэгтэй. COP гэдэг нь Conference of the Parties буюу тухайн олон улсын конвенцод нэгдсэн Талуудын бага хурал гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл COP гэдэг нь нэг л хурлын нэр биш. Байгаль орчны чиглэлээр НҮБ-ын гурван том конвенц бий. Тэдгээрийг “Rio Conventions” гэж хамтад нь нэрлэдэг. Нэг нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцдэг UNFCCC, нөгөө нь биологийн олон янз байдлыг хамгаалах CBD, гурав дахь нь цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг хариуцдаг UNCCD. Монголд болж байгаа COP17 бол гурав дахь буюу НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал юм. Товчхондоо, энэ бол дэлхийн газрын асуудлаарх хурал. ЯАГААД МОНГОЛД БОЛЖ БАЙГАА ВЭ? Энд нэг ойлголтыг зөв болгох шаардлагатай. COP17 Монголд болж байгаа нь дэлхийн улс орнууд Монголын цөлжилтийн асуудлыг шийдэхээр Улаанбаатарт цугларсан гэсэн үг биш. UNCCD нь 197 Талтай олон улсын конвенц. Талууд тодорхой давтамжаар цуглаж, дэлхий даяарх цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар бодлого, хамтын ажиллагаа, санхүүжилт, цаашдын зорилтоо хэлэлцдэг. Харин энэ удаагийн буюу 17 дахь хурлыг зохион байгуулах эрх, үүргийг Монгол Улс хүлээсэн. Тиймээс Улаанбаатар бол дэлхийн газрын асуудлыг хэлэлцэж байгаа энэ удаагийн талбар нь болохоос хурлын сэдэв нь зөвхөн Монгол Улс биш. Энд Африкийн гангаас эхлээд Азийн газрын доройтол, ус, хөрс, хүнсний тогтолцоо, бэлчээр, газрын нөхөн сэргээлт, санхүүжилт хүртэл дэлхийн олон бүс нутгийн асуудал яригдана. Улс орнууд зөвхөн Монголын асуудлыг шийдэхээр ирээгүй. Тэд өөр өөрсдийн улсын өмнө тулгамдсан асуудал, байр суурь, үүрэг амлалтыг хэлэлцэж, дэлхийн хэмжээнд ямар хамтын шийдэл гаргах вэ гэдэгт оролцохоор ирж байгаа юм.

“ЦӨЛЖИЛТИЙН COP” ГЭХЭЭР ЗӨВХӨН ЭЛС, ЦӨЛ ЯРИХ УУ? Үгүй. Цөлжилт, газрын доройтол гэдэг ойлголт бидний төсөөлдгөөс хавьгүй өргөн. Газар доройтвол хөрсний үржил шим буурна. Хөрс муудвал ургамал, бэлчээр доройтно. Ус тогтоох чадвар буурна. Гангийн нөлөө нэмэгдэнэ. Мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлд нөлөөлнө. Эцэстээ тухайн газар нутгаас амьжиргаагаа залгуулдаг хүмүүсийн амьдралд хүрнэ. Тиймээс COP17-ын хөтөлбөрт газар нөхөн сэргээхээс гадна гангийн тэсвэртэй байдал, ус, бэлчээр, хүнсний тогтолцоо, санхүүжилт зэрэг асуудал багтаж байна. Монголчуудын хувьд бүр ч ойр сэдэв. Бэлчээр ямар байна, малчин өрх ган, зудыг хэрхэн даван туулж байна, усны нөөц хүрэлцээтэй юу, доройтсон газрыг яаж сэргээх вэ гэдэг нь “НҮБ-ын хурал дээр ярьдаг холын асуудал” биш. Бидний амьдрал, эдийн засагтай шууд холбоотой асуудал. Монголын газар нутгийн бараг 77 хувь нь ямар нэг хэмжээгээр доройтолд өртөөд байгааг UNCCD онцолж байгаа нь ч энэ хурлыг зохион байгуулагч орны хувьд бидэнд яагаад чухал болохыг харуулна.

ТЭГВЭЛ ЯАГААД ОЛОН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД ХАРАГДАХГҮЙ БАЙНА ВЭ? COP17 эхэлснээс хойш олон нийтийн сүлжээнд энэ асуулт нэлээд тавигдав. Энд бас COP-уудын ялгааг ойлгох шаардлагатай. Бидний телевиз, сошиалаар хамгийн их хардаг COP бол уур амьсгалын буюу Climate COP. Тэнд дэлхийн дулаарлаас гадна хүлэмжийн хийн ялгарал, нүүрс, газрын тос, эрчим хүчний шилжилт, олон улсын санхүүжилт, худалдаа, аж үйлдвэр зэрэг улс орны эдийн засгийн үндсэн бодлоготой холбоотой асуудал хэлэлцдэг. Иймээс Climate COP-д Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын оролцоо маш өндөр байдаг. Харин Улаанбаатарын COP17 бол өөр конвенцын хурал. Газар, цөлжилт, гангийн асуудлаарх хэлэлцээнд салбарын сайд, Засгийн газрын төлөөлөгчид, бодлого боловсруулагчид, эрдэмтэд, олон улсын байгууллага, хөгжлийн болон санхүүгийн байгууллага, иргэний нийгэм, малчид, тариаланчдын төлөөлөл чухал байр суурьтай. Төр, засгийн тэргүүн оролцож болохгүй гэсэн үг биш. Харин Climate COP-ын жишгээр хэдэн Ерөнхийлөгч ирснийг тоолж UNCCD COP-ын ач холбогдлыг хэмжих нь хоёр өөр хурлыг нэг хэмжүүрээр харьцуулсан хэрэг болно. COP17 бол нэг, хоёр өдрийн дээд хэмжээний уулзалт биш. Наймдугаар сарын 17-28-ныг хүртэл хоёр долоо хоног үргэлжлэх олон шаттай хэлэлцээ. Эхний долоо хоногт талуудын хэлэлцээ, хороо, ажлын хэсэг, шинжлэх ухаан, бодлогын болон олон талт уулзалтууд үргэлжилж байна. Харин хурлын High-Level Segment буюу өндөр түвшний хэсэг наймдугаар сарын 24-нд эхэлнэ. UNCCD-ийн өнөөдрийн албан мэдээлэлд хүртэл наймдугаар сарын 24-нд сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга зэрэг өндөр түвшний төлөөлөгчдийг High-Level Segment-д оролцуулахаар тусгайлан зохион байгуулж байгааг дурдсан байна. Мөн 24-26-нд гурван Ministerial Dialogue буюу сайд нарын хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Тиймээс хурлын эхний хэдэн өдрийг хараад “өндөр түвшний зочид ирсэнгүй” гэж бүхэлд нь дүгнэхэд эрт. Оролцогчид өөрсдийн хэлэлцээ, хөтөлбөртэй уялдуулан өөр өөр өдрүүдэд ирнэ.

МОНГОЛД ЯМАР АШИГТАЙ ВЭ? Харин иргэдийн хувьд тавих ёстой хамгийн чухал асуулт энэ. “Ийм том хурлыг Монголд зохион байгуулах нь бидэнд ямар хэрэгтэй юм бэ?” Зохион байгуулагч байх нь өөрөө Монголын газрын доройтлыг шийдчихгүй. Гэхдээ бидэнд ховор боломж өгнө. Дэлхийн Засгийн газрууд, НҮБ болон олон улсын байгууллагууд, хөгжлийн банк, санхүүгийн байгууллага, эрдэмтэн судлаачид, бизнес, иргэний нийгмийн төлөөлөл газрын асуудлаар ярилцахаар энэ удаа Монголд ирсэн. Ингэснээр Монгол Улс өөрийн цөлжилт, бэлчээр, ган, газрын доройтлын бодит нөхцөлөө олон улсын анхаарлын төвд оруулах, туршлагаа танилцуулах, бусдын шийдлээс суралцах, шинэ төсөл, технологи, судалгаа, санхүүжилт, хамтын ажиллагааны боломж нээх давуу талтай. UNCCD өөрөө ч COP17-ыг Улаанбаатарт зохион байгуулах нь газрын нөхөн сэргээлтийн асуудал, тэр дундаа амьжиргаа, хүнсний аюулгүй байдал, хуурай бүсийн экосистемийг хамгаалах асуудалд олон улсын анхаарлыг төвлөрүүлэх боломж гэж тодорхойлсон. Тэгэхээр Монгол Улс зохион байгуулагчийн давуу талаа хэрхэн ашигласнаар нь л бид эцсийн дүгнэлтээ гаргах ёстой юм.

Б. Номин-Эрдэнэ

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн