COP17-д Loro Piana-гийн гүйцэтгэх захирал Фредерик Арно оролцож байна

Хуваалцах

COP17-ийн энэ өдрийн анхаарал татсан зочдын нэг нь дэлхийн тансаг хэрэглээний хамгийн том группүүдийн нэг LVMH-ийн Loro Piana брэндийн гүйцэтгэх захирал Фредерик Арно байлаа.

Тэрбээр LVMH группийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал Бернар Арногийн хүү бөгөөд 2025 оноос Loro Piana-г удирдаж байна. Түүний оролцоо зөвхөн алдартай бизнесийн гэр бүлийн төлөөлөл Монголд ирсэн гэдгээрээ бус, Монголын ноолуур, бэлчээрийн ирээдүй дэлхийн томоохон брэндүүдийн анхаарлын төвд орсныг харуулж байгаагаараа онцлог юм. Loro Piana Монголын ноолууртай 40 гаруй жилийн түүхэн холбоотой. Тус компани Улаанбаатар хотод Италиас гаднах цорын ганц боловсруулах үйлдвэрээ ажиллуулж, Монголын ноолуурыг угааж, самнан Италийн үйлдвэрүүддээ нийлүүлдэг. Үүнээс гадна Loro Piana НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц болон бусад түнш байгууллагатай хамтран Сүхбаатар аймгийн таван суманд “Resilient Threads” нэртэй таван жилийн хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Уг төсөл нь малчдын амьжиргааг дэмжихийн зэрэгцээ бэлчээрийн доройтлыг бууруулах, Монголын зүүн талын экосистем, биологийн олон янз байдлыг хамгаалахад чиглэдэг байна. Тиймээс Фредерик Арногийн COP17-д оролцож байгаа нь дэлхийн тансаг хэрэглээний салбарын хувьд ч газрын доройтол, бэлчээрийн тогтвортой байдал нь бизнесээс тусдаа асуудал биш болсны нэг илрэл юм. Монголын ноолуурын үнэ цэнэ зөвхөн нэг килограмм түүхий эдийн үнээр хэмжигдэхгүй. Бэлчээр, малчин, малын эрүүл мэнд, боловсруулах үйлдвэрлэлээс эхлээд дэлхийн брэнд хүртэл үргэлжлэх бүхэл бүтэн нийлүүлэлтийн сүлжээ хэр тогтвортой байхаар хэмжигдэх цаг ирж байна.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн