“Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим систем (e-Property)” болон “Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем”-ийн нээлтийн арга хэмжээ боллоо.
Нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Оростогоо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Давааням, холбогдох газар, нэгжийн удирдлага, албан хаагчид, систем хөгжүүлэгч “Аствишн” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Энхмөнх болон бусад төлөөлөл оролцлоо.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нээж “ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл болон барьцааны гэрээг цахимаар бүртгэх, чөлөөлөх системийг нэвтрүүлж байгаа нь зөвхөн технологийн шинэчлэл бус, төрийн үйлчилгээний шат дамжлага, бичиг цаас, хүлээлт, чирэгдлийг бууруулж, иргэн, бизнес эрхлэгчдэд үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх чухал алхам юм. Энэхүү шинэчлэлийн эцсийн зорилго нь технологийн дэвшлийг харуулах бус, иргэн бүр төрийн үйлчилгээг авахдаа “Төр надад үйлчилж байна” гэдгийг мэдэрдэг болгоход оршино. Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай ажилласан Улсын бүртгэлийн байгууллагын удирдлага, албан хаагчид та бүхэндээ болон хамтран ажилласан банк, санхүүгийн байгууллагуудад талархал илэрхийлье” гэлээ.
Шинэчлэн хөгжүүлсэн “e-Property” систем нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг цахим хэлбэрээр хөтлөх, бүртгэлийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх боломжийг бүрдүүлж байна. Мөн барьцааны эрхийг цахимаар хүлээн авч бүртгэх, барьцааны гэрээг чөлөөлөх үйл ажиллагааг цахим хэлбэрээр хэрэгжүүлэх системийг нэвтрүүлж байна. Ингэснээр эд хөрөнгийн эрх болон барьцаатай холбоотой бүртгэлийн үйлчилгээг илүү хялбар, шуурхай авах боломж нэмэгдэж байгаа юм. Тухайлбал, 2025 онд барьцааны эрхийн гэрээ бүртгүүлэх, чөлөөлөхтэй холбоотой 265,033 бүртгэл хийгдсэн бөгөөд нэг иргэн багадаа гурван удаа биечлэн хандсан гэж үзвэл 795,099 удаагийн зорчилт хийх шаардлага үүссэн гэсэн тооцоолол гарч байгаа юм. Харин энэхүү үйлчилгээг цахимжуулснаар иргэн, хуулийн этгээдийн биечлэн хандах, зорчих хөдөлгөөн, цаг хугацаа, зардлыг бууруулах боломж бүрдэж байгаа юм.
Мөн “E-Property” системээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг нэгдсэн арга зүйгээр хөтөлж, бүртгэлийн үйл ажиллагааг цахим орчинд зохион байгуулах боломж бүрдэж байна.
