Монголын анхны томоохон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэх ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн товчоо хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Майкл Жорж Десомбрэ тэргүүтэй хоёр орны төр, засгийн өндөр дээд түвшний зочид, нийслэл, АНУ-ын Мянганы сорилтын корпорац, Монголын Мянганы сорилтын сан, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар, бүтээн байгуулалтад оролцсон гүйцэтгэгчид, хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл, албаны бусад хүмүүс оролцлоо.
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан II Компакт гэрээ буюу Усны Компактын гурван үндсэн төслийн нэг Хаягдал ус дахин боловсруулах төслийн хүрээнд шинэ Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд тус үйлдвэрийг бүтээн байгуулсан.
УСУГ-ын дарга Ц.Төрхүү “Төслийн хувьд бол бидний зүгээс боловсон хүчээ хангалттай бэлтгэсэн. Таван жилийн өмнөөс төслийг эхлэхээс нь авахуулаад одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч болох Ухнаагийн Хүрэлсүхтэй нээлтэн дээр нь оролцож байсан. Энэхүү төсөл маань хэрэгжээд таван жил болсон. Тухайн хугацааны дунд үед ковидийн үеэрх 2 жилээр төсөл түр зогсонги байдалд орсон жилийг эс тооцвол төсөл маань нийт 3 жилийн хугацаанд хэрэгжиж байна.
Бид бүхэн хүний нөөцийн тал дээр бол эхэлснээс нь авахуулаад Мянганы сорилын компактийн гэрээг хэрэгжүүлж байгаа компаниудтай болон Америкийн Нэгдсэн Улсын доктор, инженерүүдтэй цуг ажилласан. Өнөөдрийн байдлаар хоёр эх үүсвэр дээр нийт 40-иөд хүн ажиллаж буй. Энэ технологи нь Монгол Улсад анх удаа хэрэгжиж байгаа бөгөөд бохир усыг буцаагаад гүн цэвэржүүлж, түүнийгээ бид 3, 4 дүгээр цахилгаан системийн хүргэлтийн системд хүргэж өгнө. Хүргэж өгөх явцад ямар саад бэрхшээл гарахыг урьдчилж хэлж мэдэхгүй ч Монгол залуучууд болон УСУГ-ын инжинер, техникийн ажилчдын бэлтгэл нэлээд сайн хангагдсан билээ. Мянганы сорилын санхүүжилтаар УСУГ-ын инженер, техникийн ажилчид болох 90 гаруй ажилчдыг Голландад 2 жилийн хугацаанд үе шаттай сургасан” гэлээ.
