Англи Хэлний Мэргэшлийн Төвд урт хугацааны мэргэжилтэн ажиллаж эхэллээ

Хуваалцах

Англи Хэлний Мэргэшлийн Төвд урт хугацаагаар ажиллах Америк багшаар Шериф Исмаил сонгогдсоныг Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам танилцуулж байгаадаа баяртай байна. Шериф багш Англи Хэлний Мэргэшлийн Төвд хоёр жилийн хугацаанд англи хэлний мэргэжилтнээр (American English Resident) ажиллах бөгөөд тэрээр англи хэлний боловсролыг сайжруулах, англи хэлний багш нарын мэргэжлийн чадавхыг хөгжүүлэх, төрийн албан хаагчдын англи хэлний чадварыг дэмжих чиглэлээр ажиллах юм.

Шериф Исмаил нь Техасын A&M–Коммерс их сургуульд (одоогийн Зүүн Техасын A&M их сургууль) боловсролын манлайллын чиглэлээр боловсролын магистр, хэрэглээний хэл шинжлэл болон TESOL (англи хэлийг хоёрдогч хэл болгон заах арга зүйн ) чиглэлээр хүмүүнлэгийн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан. Тэрээр мөн Техас мужийн боловсролын байгуулагад захирал, сургалтын албанд удирдах ажилтнаар ажиллаж байсан бөгөөд англи хэл, уран зохиол болон англи хэлийг хоёрдогч хэл болгон заах чиглэлээр тус мужийн багшлах эрхийн гэрчилгээтэй.

Шериф багш Монгол орныг сайн мэднэ. Тэрээр 2022–2024 онд АНУ-ын Төрийн департаментын Англи Хэлний Фэллов хөтөлбөрөөр Булган аймаг, Эрдэнэт хотод багшилж байв. Энэ хугацаанд англи хэлний клуб удирдан ажиллуулж, багш нарт зориулсан, мөн төрийн албан хаагчид, суралцагчдад зориулсан англи хэлний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байна. Мөн инженерийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулан шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, урлаг, математикийг хослуулсан (STEAM) сургалтын хөтөлбөр боловсруулсан бөгөөд TESOL бага хурлыг зохион байгуулж байсан туршлагатай.

Шериф багш Англи Хэлний Мэргэшлийн Төвийн англи хэл заах чадавхыг бэхжүүлж, сургалт зохион байгуулан сургалтын хэрэглэгдэхүүнээр хангахын зэрэгцээ англи хэл сурах боломжийг хөдөө орон нутгийг хамруулан өргөжүүлэх юм. Тэрээр англи хэлний багш нарт хиймэл оюун ухааныг хичээл сургалтдаа ашиглахад нь туслах цуврал сургалтыг хэдийн эхлүүлээд байна. Цаашид Нийгэм-Сэтгэл Хөдлөлийн Ур Чадварыг Хөгжүүлэх нь сэдэвт сургалт, мөн төрийн албан хаагчид, боловсролын салбарын мэргэжилтнүүдэд зориулсан олон нийтэд нээлттэй цахим сургалтууд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Англи Хэлний Мэргэшлийн Төв болон тус төвийн хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл төвийн албан ёсны Фэйсбүүк хуудсаар зочилно уу: https://www.facebook.com/centerofexcellenceforenglish/ .

Эх сурвалж: Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн