Зөвхөн гол гудамж, зам дээр байршуулсан машиныг ачдаг болох журам боловсруулж байна

Хуваалцах

Нийслэлд автомашин зөөж, шилжүүлэх журмыг шинэчлэн боловсруулж байна. Шинэ журмаар зөвхөн замын хөдөлгөөнд бодитоор саад учруулж, гол гудамж, замд байршуулсан автомашиныг ачихаар төлөвлөжээ.

Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагвын захирамжаар байгуулсан Ажлын хэсэг журмын төсөл болон холбогдох асуудлыг хэлэлцсэн байна.

Журмын төсөлд хотхон, хороолол доторх зөрчлийг 102 аппликэйшнээр бүртгэж, шийдвэрлэхээр тусгажээ. Мөн автомашин ачихаас өмнө жолоочид урьдчилан анхааруулах, машинаа буцаан авах боломж олгох зохицуулалт оруулсан байна.

Түүнчлэн ачилтын явцад автомашинд учирсан хохирлыг үйлчилгээ эрхлэгч байгууллага хариуцах, төлбөрийг байгууллагын дансаар авах, түр саатуулах хашааны үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг зохицуулалтыг тусгажээ.

Нийслэлийн хэмжээнд автомашин зөөж, шилжүүлэх үйлчилгээ эрхэлдэг 17 аж ахуйн нэгж ажиллаж байна. Одоогоор 73 байршилд автомашин ачих зохицуулалттай байгаа бол шинэ журмын төслөөр үүнийг 35 байршил болгон цөөлөхөөр төлөвлөжээ.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн