COP17: Сэтгүүлчдийг байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт үр дүнтэй боллоо

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдах бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд НҮБ-ын сургагч багш, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба, Конрад-Аденауэр-Сантай хамтран “Үндэсний хэмжээнд сэтгүүлчдийг байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт”-ыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ.
Ээлжит сургалт 2025 оны аравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдав.
Сургалтын эхний өдөр Үндэсний хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Батмөнх сэтгүүлчдэд COP17 бага хурлын бэлтгэл ажлын явц болон цаашдын төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй танилцуулан, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн.

Мөн Үндэсний хорооны ажлын албаны ХМОНХХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Цэнгэл “COP17 брэндинг” болон “Караван” төслийн талаар танилцуулга хийв. Тэрбээр COP17-гийн лого болон брэндингийн тухай тодорхой ойлголт өгсөн нь Монгол Улс болон тус конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар баталсан албан ёсны лого болон брэндингийн стандартыг дураараа өөрчилж болохгүйг ойлгуулсан чухал мэдээлэл байлаа.
Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас COP17-д дэмжлэг үзүүлэх зөвлөх багш А.Жавхлан “Конвенцын талуудын бага хурлыг зохион явуулахын ач холбогдол” сэдвээр сэтгүүлчдэд сургалт явуулсан юм. Мөн сургалтын төгсгөлд зөвлөх багш А.Жавхлан чиглүүлэгч багшаар ажиллан сургалтанд оролцсон сэтгүүлчдийг зургаан багт хуваан тус бүрт өөр өөр сэдэв өгч, даалгавар гүйцэтгүүлэв.
Багууд сургалтаас олж авсан мэдлэгтээ тулгуурлан богино хугацаанд рийл, постер бүтээж, судалгаа болон тооцооллыг нарийн гаргаж хэлэлцүүлэг өрнүүлж, баг бүрийн ажиллагааны дутагдалтай болон давуу талыг нэрлэн сайжруулалт хийсэн нь эхний өдрийн сургалт үр дүнтэй болжээ гэдгийг харуулсан.
Хоёр дахь өдрийн /2025.10.29/ сургалтыг Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын гадаад харилцааны ажилтан Marcos Montoiro “COP17-г хэрхэн даван туулах вэ” сэдвээр эхлүүлэв. Marcos Montoiro урьд өмнө нь болсон COP хурлуудын сайн жишээ, тухайн оронд COP хурал явагдахын ач холбогдол, боломж, үр дүнгийн талаар ярилаа. Түүнчлэн COP хурлын үеэр сэтгүүлчид ямар зохион байгуулалттай ажилладаг болон Монгол Улс COP17-г хэрхэн амжилттай даван туулах зэрэг олон төрлийн мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн чухал сургалт болсон юм.
Ийнхүү хоёр өдрийн турш үргэлжилсэн сургалтын хүрээнд сэтгүүлчид уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөд нөлөөлдөг хүчин зүйл, газрын доройтлоос хэрхэн сэргийлж болох, дэлхийн дулаарал, хүлэмжийн хий, биологийн олон янз байдлын алдагдал, энэ бүхэнд иргэдийн оролцоо яагаад чухал байдаг зэрэг өргөн хүрээнд мэдлэгээ дээшлүүлж, цаашид олон улсын чиг хандлагад нийцсэн мэдээллийг бэлтгэн нийтлэх мэдлэгтэй болж чадлаа.
Сэтгэгдэл үлдээх