НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 Улаанбаатар хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Үндсэн хуралдааны танхимуудад цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээр, малчид, жендер, шинжлэх ухаан, бодлогын асуудлыг олон улсын түвшинд хэлэлцэж байгаа бол олон нийтэд нээлттэй Ногоон бүсэд арай өөр дүр зураг өрнөж байна. Энд монголчууд өөрсдийн хийж буй ажлаа ярьж байна. Компани нь төслөө, орон нутаг нь туршлагаа, байгууллага нь санаачилгаа, үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүнээ танилцуулна. Нэг павильоноос нөгөөд ороход “Монгол Улс газрын доройтол, цөлжилт, байгаль орчны асуудлын өмнө юу хийж байна вэ?” гэсэн асуултын өөр өөр хариулттай нүүр тулна. COP17-ын албан ёсны танилцуулгад ч Ногоон бүсийг шийдлүүдийг хүмүүстэй холбох олон нийтийн дипломат харилцаа, инновацын орон зай хэмээн тодорхойлсон байдаг.
Ногоон бүсээр явахад хамгийн түрүүнд анзаарагдах зүйл нь зөвхөн олон улсын байгууллагуудын том павильон биш. Монголын компани, аж ахуйн нэгж, орон нутгийн төлөөлөл өөрсдийн хэрэгжүүлж буй ажил, төсөл, туршлагаа зочдод тайлбарлан зогсож байлаа. Энэ нь энгийн нэг үзэсгэлэнгээс ялгаатай. Компани бүтээгдэхүүнээ сурталчлахаас илүүтэй үйл ажиллагаагаа байгаль орчин, орон нутгийн хөгжил, нөөцийн зохистой ашиглалттай хэрхэн уялдуулж байгаагаа тайлбарлаж байна.
Харин орон нутгийнхан цөлжилт, газрын доройтолтой хамгийн ойр нүүр тулдаг хүмүүсийн хувьд өөрсдийн туршлага, хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж байв. Ингэснээр COP17 дээр яригдаж буй “газрыг сэргээх” гэдэг том ойлголт Монголд яг ямар ажил, ямар төсөл, ямар туршлага болон хэрэгжиж байгааг Ногоон бүсээс харж болохоор байна.
Ногоон бүсэд үйл ажиллагаагаа танилцуулж байсан компаниудын нэг нь “Бадрах Энержи”. Тус компани Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжүүлж буй Зөөвч- Овоо ураны төслийнхөө талаар зочдод мэдээлэл өгч байлаа. Зөөвч-Овоо нь Монголын ураны салбар дахь хамгийн ахисан шатанд хүрсэн төслүүдийн нэг бөгөөд 2025 оны нэгдүгээр сарын 17-нд Монгол Улсын Засгийн газар болон “Орано Майнинг”-ийн хооронд төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Төслийн тусгай зөвшөөрөл бүхий Зөөвч-Овоо, Дулаан-Уул, Өмнөт талбайнууд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт байрладаг. Компанийн албан ёсны мэдээллээр Зөөвч-Овоо төслийн нийт ханган нийлүүлэгчдийн 97 хувь нь Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж бөгөөд 2006 оноос хойш сум, орон нутагт 9.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Уул уурхайн томоохон төсөл НҮБ-ын цөлжилт, газрын доройтлын асуудлыг хэлэлцэж буй Ногоон бүсэд өөрийн үйл ажиллагаагаа танилцуулж байгаа нь ч өөрөө анхаарал татах дүр зураг юм. Байгалийн баялаг ашиглахын зэрэгцээ байгаль орчин, ус, газрын нөхөн сэргээлт, орон нутгийн харилцаагаа хэрхэн зохицуулах вэ гэдэг асуулт уул уурхайн компаниудад улам чухал болж буйг энэ оролцоо харуулна.
Ногоон бүсэд Өмнөговь аймгийн төлөөлөл ч орон нутгийнхаа хийж буй ажил, туршлагыг танилцуулж байлаа. Өмнөговийн оролцоо COP17-ын хувьд онцгой ач холбогдолтой. Говийн бүс нутаг газрын доройтол, цөлжилт, усны нөөцийн асуудлыг өдөр тутамдаа хамгийн бодитоор мэдэрч буй бүсүүдийн нэг.
COP17-ын үндсэн хуралдаанд “газрын доройтлыг бууруулах”, “бэлчээрийг тогтвортой ашиглах”, “газрыг нөхөн сэргээх” гэсэн том ойлголтууд яригдана. Ногоон бүсэд харин эдгээр үг бодит ажил болж харагдана. Нэг компани олон жил хэрэгжүүлсэн төслөө ярьж байна. Нэг орон нутаг цөлжилттэй хэрхэн тэмцэж буй туршлагаа хуваалцана. Нэг байгууллага шинэ технологио танилцуулна. Нэг үйлдвэрлэгч байгалийн нөөцийг хэрхэн илүү зохистой ашиглаж болохоо харуулна. Энэ л Ногоон бүсийн онцлог. Дэлхийн 197 орны төлөөлөл, төр засаг, бизнес, иргэний нийгэм, судлаач, залуус, малчид оролцож буй COP17 Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа энэ үед монголчууд зөвхөн хурлыг “хүлээн авч” байгаа бус, өөрсдийн хийсэн ажлаа дэлхийд үзүүлэх боломжтой болжээ.
Монголчуудад дэлхийд харуулах зүйл байна. Ногоон бүсээр явахад үлдэх сэтгэгдлийг нэг өгүүлбэрээр хэлбэл энэ. Бидэнд асуудал бий. Цөлжилт бий. Газрын доройтол бий. Усны хомсдол, бэлчээрийн дарамт бий. Гэхдээ нөгөө талд нь туршлага байна. Төсөл байна. Шинэ санаа, технологи, орон нутгийн санаачилга байна. COP17-ын Ногоон бүс энэ хоёрыг зэрэгцүүлэн харуулж байна. Эцсийн дүндээ COP17 Монголд хэдэн өдөр үргэлжилснээс илүү эндээс Монголын ямар туршлага дэлхийд хүрч, ямар шинэ хамтын ажиллагаа эхэлж, ямар шийдэл бодит ажил болон үлдэх вэ гэдэг нь илүү чухал юм.





















