Цэс Close

“Green generation” хөтөлбөрийн хүрээнд “хамтдаа ногоон үеийг бий болгоё”

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн санаачилгаар “Green Generation” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлэхээр Эко дүүрэг гэгддэг тодотголтой Хан-уул дүүргээс эхлүүллээ. Томчуудад хамгийн их үлгэр дуурайл үзүүлдэг хүүхэд, багачуудаар дамжуулан дэлхий нийтийн өмнө томоохон сорилт болоод буй уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хий, цөлжилт, газрын доройтол зэрэг байгаль экологийн тулгамдсан асуудлыг тэдний анхааралд хүргэж, эх дэлхий, ирээдүйнхээ төлөө зөв, эерэг дадлыг иргэн бүрд төлөвшүүлэх зорилгоор “Ногоон үеийг бий болгох” зорилтыг эхлүүлж буй юм.
✅“Green Generation” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид зургаан сарын хугацаанд модны үр тарьж, бойжуулан арчилж хамгаалах үйлсийг хамтран гүйцэтгэнэ. Ингэхдээ, дээрх хугацаанд хөтөлбөр хэрэгжиж буй сургуулийн сурагчдад модны үртэй илгээмж очих бөгөөд энэ нь шар хуайс модны үрийг ургуулж, арчлан бойжуулах зөвлөмж бүхий захидал байх юм. Захидал хүлээн авсан сургуулийн сурагчид анги хамт олон, багш нартайгаа хамтран хэдий чинээ олон модны үрийг амжилттай ургуулна төдий чиний амжилтад ойртоно гэсэн үг юм.
✅Монголчууд байгаль дэлхийгээ эхтэйгээ зүйрлэж, хайрлан хамгаалж ирсэн олон зуун жилийн уламжлалтай. Орчин цагт энэ уламжлалыг сэргээн өвлүүлэх, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах хандлагыг бага наснаас нь төлөвшүүлэх зорилгоор энэхүү санаачилгыг ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлж буй аж. “Green Generation” хөтөлбөрийн хүрээнд оролцогчид шар хуайс модны үрийг тодорхой хугацаанд ургуулж, бойжуулахад нь мод үржүүлгийн мэргэжлийн байгууллагуудаас зөвлөмж өгч, сургалт зохион байгуулан уг санаачилгаар дамжуулан байгаль экологийн боловсролыг давхар олгохоор төлөвлөжээ. Хөтөлбөрийн даалгавар болох уг шар хуайс нь ургалтын хурдаараа дундаас хурдан ургалттай модны тоонд багтдаг бөгөөд өргөн тархсан чимэглэлийн ургамлын нэг төрөл юм. Түүнчлэн тайралт, хяргалтыг маш сайн даадаг учир амьд хайс, хашлага хийхэд ашиглагддаг. Мөн хүрэн голчтой байдаг ба маш бөх бат, уян чанартай, элсний нүүдлийг зогсооход болон хажуу, налуу газрыг нуралт, урсалтаас сэргийлж бэхлэхэд өргөн ашигладаг байна.
✅“Green Generation” хөтөлбөрөөр дамжуулан технологийн эрин зуунд Монгол Улсыг авч явах дараа дараагийн “Ногоон ирээдүй-Ногоон үе”-ийг энэхүү санаачилгаар дамжуулан байгальд хайртай иргэн болгон төлөвшүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний ач холбогдол, үр шимийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулахад хөтөлбөрийн дэд зорилго оршиж байгаа юм. Хан-Уул дүүргээс эхэлсэн “Green Generation” хөтөлбөр үе шаттай нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжинэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах