Д.Ганбат: Засгийн газартай хамтарч ажиллана. Сайдын суудал горьдоогүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, ирэх 2022 оны улсын төсөвтэй холбогдуулан Үндэсний аудитын газраас мэдээлэл сонссон байна. Төсөвтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэг санал, дүгнэлтээ гаргана гэж УИХ-ын гишүүн Д.Ганбат мэдээллээ.
АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: "2022 оны төсөв энэ сарын 15-аас өмнө УИХ-аар батлагдах ёстой. АН-ын бүлэг санал дүгнэлтээ гаргаж өгнө. Бид ярилцаж байна. 2022 оны төсөв бол 18 их наяд төгрөгийн зарлага, 15 их наядын орлоготой. Төсвийн алдагдал сүүлийн 2-3 жилд маш их байна. Үүн дээр анхаарч ажиллах ёстой. Мөн төсвийн орлогыг огцом нэмэгдүүлсэн төсөв болсон" гэв.
Энэ үеэр УИХ дах АН-ын бүлгийн дотоод маргаан шийдэгдсэн үү. Бүлгийн зарим гишүүд бүлгийн даргыг огцруулсан гэдэг мэдээлэл бий гэх сэтгүүлчийн асуултад Д.Ганбат "АН-ын бүлгийн даргаар миний бие ажиллаж байна. Одоогоор үйл ажилалгаа хэвийн үргэлжилж байна" гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл аравдугаар сарын 18-нд "Д.Ганбат Засгийн газрыг огцруулах албан бичгийг сугандаа хавчуулан МАН-тай хэлцэл хийж, гурван сайдын суудал авах гэрээ хийх гэж оролдсон" гэж мэдэгдсэн. Үүнд АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Би Засгийн газраас сайдын суудал горьдоогүй. Засгийн газар болон эрх барьж байгаа намтай бид хамтарч ажиллах ёстой. Үүнийг мушгин гуйвуулж байна" гэх хариуг өглөө.
Сэтгэгдэл үлдээх