Цэс Close

Ногдол ашиг бол “Эрдэнэс-Тавантолгой”-д БЭТ томилсны үр дүн

Иргэд "Эрдэнэс-Тавантолгой" компанийн 1072 хувьцааны ногдол ашгаа авах хүсэлтээ илэрхийлж, зарим нь Цагаан сараас өмнө олгохыг шаардаж жагсаал зохион байгуулж эхэлсэн. Эрх баригчид иргэдээ сонсон “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ногдол ашгийг иргэдэд олгохоор болж байна. Энэ талаар тус компанийн толгой компани болох “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “Ногдол ашиг хуваарилах асуудлыг Компанийн тухай хуульд тодорхой заасан байдаг. Санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ТУЗ хуралдаж ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргадаг. Үүний дагуу шийдвэр гарна. "Эрдэнэс-Тавантолгой" компанийн ТУЗ удахгүй, хуулийн хугацаандаа хуралдаж шийдвэр гаргана. Үүнээсээ өмнө санхүүгийн тайлангаа аудитаар баталгаажуулах ёстой. 2023 онд "Эрдэнэс-Тавантолгой" компани сайн ажилласан. Гэхдээ хуримтлагдсан өр төлбөр өндөр байгаа. "Эрдэнэс-Тавантолгой" компани гурван их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүнийг 100 хувь хуваарилахад нэг иргэнд 233 мянган төгрөг ногдох юм. Бид бодитой тоо л ярьж байгаа юм. Би иргэдэд хувьцааны ногдол ашиг олгохгүй гэж хэлээгүй. Бид гурван их наяд төгрөгийн ашигтай ажилласан ч дөрвөн их наяд төгрөгийн хуримтлагдсан өртэй байна. Төрийн өмчит компаниуд "Эрдэнэс-Тавантолгой" компанид өртэй байна. Төрийн ногдол ашгийг өрөнд суутгаж тооцож хаавал иргэдэд ногдол ашиг тараах боломжтой. Энэ эрхийг Засгийн газарт олговол иргэдэд ногдол ашиг тараах санхүүгийн үүсвэр шийдэгдэнэ” гэлээ.

Ийнхүү “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ногдол ашгийг иргэдэд олгохоор болж байгаа нь Засгийн газраас тус компанид бүрэн эрхэт төлөөлөгч томилж үйл ажиллагааг нь сайжруулах ашигтай ажиллуулж эхэлсний үр дүн юм. Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 25-ны хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” компанид бүрэн эрхэт төлөөлөгч томилсон юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан тухайн үед уг шийдвэрийг танилцуулахдаа "Эрдэнэс-Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоохоор шийдвэрлэлээ. Монгол Улсын төлбөрийн тэнцэлтэй холбоотойгоор валютын нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой арга чиглэл авах үүрэг чиглэл өгсөн. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д энэ онд 500 сая ам.долларыг татан төвлөрүүлэх үүрэг өгсөн. Төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөдрийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэхээр онцгой дэглэм тогтоож байна” гэж байлаа.

Засгийн газрын энэхүү шийдвэр үр дүнгээ өгч өнөөдөр Монгол Улсын гадаад валютын нөөц таван тэрбум ам.долларт хүрээд байна. “Эрдэнэс-Тавантолгой” компани ийнхүү Засгийн газрын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ашигтай ажилласаар байгаа учраас бүрэн эрхэт төлөөлөгчийн томилгооны хугацааг сунгасаар ирсэн юм. Энэ бүхний үр дүнд иргэдэд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ногдол ашгийг олгохоор болоод байна. УИХ-ын гишүүд ч Засгийн газрын бодлого шийдвэрийг дэмжиж байгаагаа дараах байдлаар илэрхийллээ.

М.Оюунчимэг: -"Эрдэнэс-Тавантолгой" компнийн 1072 хувьцааны ногдол ашгийг иргэддээ цаг алдалгүй хүртээх ёстой. Бид иргэдээ хохироож болохгүй. Ногдол ашгийг ямар нэг хэлбэрээр олгох ёстой. Цагаан сараас өмнө олгож өгөөч гэсэн хүсэлтийг компанийнх нь удирдлагуудад хэлсэн.

Б.Баттөмөр: -“Эрдэнэс-Тавантолгой” компанийн үйл ажиллагааны ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох ёстой. Байгалийн баялгаасаа ард иргэддээ хүртээх тухай Үндсэн хуулийн заалт ч бий.

Ж.Бат-Эрдэнэ: -Засгийн газар УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлж иргэдэд ногдол ашиг өгөх хэрэгтэй. Гурван их наяд төгрөгийн ашигтай ажилласан гэж байсан. Ийм хэмжээний ашиг олж байгаа тохиолдолд ногдол ашиг олгох нь зөв.

Ч.Ундрам: -"Эрдэнэс-Тавантолгой" компанийн санхүүгийн тайлан аудитаар хянагдсаны дараа ТУЗ нь хуралдаад иргэддээ тодорхой хэмжээний ногдол ашиг хуваарилна гэж ойлгож байгаа.

Монголчууд бид байгалийн баялгаас хувьцаатай болсон, түүнийгээ хүртэж байна гэдэг сайхан хэрэг. Ямар ч байсан БЭТ томилогдсоны үр дүн ч гарлаа. Ногдол ашгаа ч бид хүртэх нь. Цагаан сар дөхсөн энэ үед билэг дэмбэрэлээ бодсон ч сайн мэдээ сонсоно гэдэг сайхаан сайхан.

Б.НОМИН

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах