“Ногоон автобус”-ны араас тендерээр авсан улаан автобусны асуудал дэгдэх нь
-Монгол Улсад импортоор орж ирээд жил болоогүй 60 автобусанд сэлбэг худалдан авахаар 400 сая төгрөгийн тендер зарлажээ-
Улаанбаатар хот 2022-2023 оны гуравдугаар сар хүртэл нийт 224 автобусаар парк шинэчлэл хийсэн талаар Хотын дарга асан Д.Сумъяабазар мэдэгдсэн. Ингэхдээ худалдан авалтыг нууцын зэрэглэлтэй хийсний дүнд цаг хожсон хэмээж буй. Ногоон автобусны талаар иргэдийн зүгээс автобус худалдан авах асуудлыг яагаад төрийн нууцад хамааруулав. Улсын төсвөөр авч байгаа бараа бүтээгдэхүүнд яагаад тендер зарлаагүй вэ. Гэтэл төрийн мөнгөөр авсан автобус нь яагаад 2002 оны загвар байна вэ. Зах зээл дээрх үнэтэй харьцуулсан уу, “Тэнүүн-Огоо” ХХК-ийг төр яагаад сонгов гээд эргэлзээтэй түмэн асуулт нээлттэй хэвээр үлдэв.
Иргэд татварын мөнгөнийхөө зарцуулалтыг төрийн албан тушаалтнуудаас тодруулах эрхтэй. Үүнд, хотын дарга Д.Сумъяабазарын хэлсэн “Бид хууль зөрчөөгүй, хуулийн дагуу ажиллаж, автобуснуудыг хурдан оруулж ирэх шийдлийг сонгосон” гэх тайлбар үнэндээ хангалтгүй.
Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг "унагадаг" ногоон автобусны хэрэг хуучраагүй байхад зэрэгцээд улаан автобусны буюу өмнө нь тендерээр авсан автобуснуудын асуудал дэгдэх нь. Монгол Улсад импортоор орж ирээд нэг жил болох гэж буй 60 автобусанд сэлбэг худалдан авахаар 400 сая төгрөгийн тендер зарлажээ. Тодруулбал, БНХАУ-аас жилийн өмнө авсан улаан автобуснууд эвдэрч 400 сая төгрөрийн сэлбэг авахаар болжээ. Автобусны хэрэг энэ хүрээд зогсохгүй нь бололтой. Ногоон автобусны өмнөх улаан автобус ч “но”-той гэдгийг эх сурвалжууд мэдээллээд эхэллээ. 224 ширхэг автобус бүрээс 37 саяыг цавчсан байж болзошгүй гэхээр нийтдээ найман тэрбумын цавчаа хийсэн байх магадлалтай. Бас болоогүй техникийн тодорхойлолтод заасан “хөдөлгүүрийн эзэлхүүн 9000сс байхаар байхад 8400сс хүчин чадал нийлүүлэгдсэн”, “хурдны хайрцаг нь автомат гэж заасан байхад механик”, хөгжлийн бэрхшээлтэй иргэний бууж, суух тусгай механик төхөөрөмжийг автоматжуулсан байхаар тусгасан ч гар ажиллагаатай, дагалдах хэрэгслээр нийлүүлэх багаж хэрэгслийг дутуу нийлүүлсэн зэрэг алдаа дутагдал бий аж.
"Ногоон" болон "Улаан" автобусны хэрэг явдал явж явж Д.Сумъяабазарыг чиглэх бололтой болоод явчихлаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Д.Сумъяабазарын үед хийсэн улаан автобусны булхайг хуулийнхантай хамтарч хийсэн байж болзошгүй баримт гарч ирсэн байна.
Сэтгэгдэл үлдээх