Нэгдүгээр эмнэлгийн эмч нар ходоодны салстын доорх хавдрыг дурангаар тайрах мэс заслыг анхны өвчтөнд амжилттай хийжээ
Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Гастроэнтерологийн дурангийн багийн эмч нар мэс заслын баг, Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн багтай хамтарч хэвлийн болон ходоодны дурангийн тусламжтайгаар ходоодны салстын доорх хавдрыг тайрах хослуулсан мэс заслыг анхны өвчтөнд амжилттай хийжээ.
Энэ талаар Гастроэнтерологийн төвийн дурангийн эмч Т.Тэмүүжин “УНТЭ-ийн Гастроэнтерологийн төв нь Laparoscopic and endoscopic cooperative surgery (LECS) буюу хэвлийн дуран, ходоодны дурангийн тусламжтайгаар ходоодны салстын доорх хавдрын үүсгэврийг тайрах мэс заслыг энэ онд нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байв.
Зорилтдоо хүрч, анхны мэс заслаа амжилттай хийлээ. Ингэснээр ходоодны ханын цусан хангамж сайжрахаас гадна өвчтөний амьдралын чанар илүү сайжрах боломжтой юм. Энэ нь нээж мэс засал хийснээс илүү үр дүнтэй, хүндрэл багатай арга.
Цаашид LECS мэс заслаар бүдүүн гэдэсний салстын доорх хавдартай, ходоодны салстын доорх хавдартай иргэдэд мэс засал хийхээр төлөвлөж байна” гэв.
УНТЭ-ийн Ерөнхий мэс заслын эмч С.Түдэвдорж “Дурангийн тусламжтайгаар хийгддэг энэ мэс заслын аргыг анх 2008 онд дэлхий дахинд хэрэглэж ирсэн.
Хөнөөл багатай, өвчтөнд ил, том шарх үлдээхгүй, зовуурь багатай тус мэс заслыг нэвтрүүлэх ажлыг өнгөрсөн оноос эхлүүлсэн. Өвчтөний биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарсан” хэмээн хэллээ.
Эх сурвалж: ЭМЯ
Сэтгэгдэл үлдээх