НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 68 дугаар чуулган эхэллээ
Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотноо Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 68 дугаар чуулган өнөөдөр эхэллээ.
Тус чуулганд Монгол Улсаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа тэргүүтэй 25 төлөөлөгч оролцож байна. Энэ удаагийн чуулган “Ядуурлыг бууруулж, институтийг бэхжүүлж, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт хийх замаар охид, эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлж, жендэрийн тэгш байдлыг хангах явцыг хурдасгах” сэдвийн хүрээнд болж байна.
Монгол улс НҮБ-ын комиссын гишүүн орны хувиар оролцож байгаа бөгөөд “Хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах тухай” тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, НҮБ-ын гишүүн орнуудад тогтоолыг хэрэгжүүлэх хүсэл, эрмэлзлийг нэмэгдүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банк, Жендэрийн Үндэсний Хороо , Гадаад харилцааны яам, Байнгын төлөөлөгчийн газар хамтран салбар хуралдааныг зохион байгуулснаараа онцлог боллоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа НҮБ-ын индрээс жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр асуудал хариуцсан сайдын хувьд улсын хэмжээнд гаргасан ахиц дэвшил, ололт амжилт, туршлага сургамжийн талаар хуваалцлаа.
ХНХ-ын сайд Х.Булгантуяа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Гадаад харилцаа, сурталчилгаа хариуцсан туслах, ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Улрика Модийр, АНУ-ын Глобал эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Др.Гита Рао Гупта нартай уулзаж, цаашдын хамтын ажиллагаа, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээрх хууль эрх зүйн шинэчлэлийн талаар мэдээлэл хийж, санал солилцлоо. Чуулганы үйл ажиллагаа үргэлжилж байна.
Сэтгэгдэл үлдээх