Цэс Close

УОК: Орон нутаг руу зорчих гэр бүлийн нэг гишүүн PCR шинжилгээ өгөхөд болно

Орон нутаг руу зорчих хөдөлгөөнтэй холбоотой иргэдээс ирж буй түгээмэл асуултад УОК-оос хариулсныг хүргэж байна. 

1. ПГУ (PCR)-ын шинжилгээ 72 цагийн дотор хүчинтэй гэдэг шийдвэр хаанаас гарсан вэ? 
ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу ПСР шинжилгээний хариу 72 цагийн дотор хүчинтэй байх талаар чиглэл өгсөн. Өөрөөр хэлбэл хүний биед ковидын вирус халдварласан бол 72 цагаас эхлэн тухайн хүний биед эмнэлзүйн шинж тэмдэг гарч шинжилгээгээр коронавирус илрэх боломжтой учраас 72 цаг гэж шаардаж байгаа юм. 

2. Хөдөө орон нутаг руу зорчиж байгаа иргэд замд 72 цаг нь дуусвал яах вэ?

Хөдөө орон нутаг руу зорчиж буй иргэд зорчихоос өмнө ПСР шинжилгээ өгөөд хөдөлгөөнөө эхлүүлнэ. Хоол хүнсээ өөрсдөө авч яваа учир замдаа зогсохгүй, иргэдтэй харилцаа үүсгэхгүй тул шинжилгээний хариу нь очсон газраа 72 цаг өнгөрсний дараа ч хүчинтэй байна. 

3. Орон нутаг руу зорчиж байгаа гэр бүлийн бүгд шижилгээ өгсөн байх шаардалгатай юу, эсвэл нэг гишүүн нь өгсөн байхад болох уу?
Хамт яваа гэр бүлийн гишүүдийн аль нэг нь ПСР-ын шинжилгээ өгсөн тохиолдолд бусад гэр бүлийн гишүүдээс шинжилгээ шаардахгүй. Харин тухайн гэр бүлд хамааралгүй зорчигч хамт яваа бол тус тусдаа шинжилгээг өгөхийг шаардана. 

4. Галт тэрэг нисэх онгоцоор зорчиход ямар журам үйлчлэх вэ? 

Галт тэрэг болон орон нутаг руу онгоцоор явах зорчигч бусад тээврийн хэрэгслээр зорчигчийн нэг адил ПСР-ийн шинжилгээгээ өгч зорчино.

5. Хотоос орон нутагт очсон иргэд очоод тусгаарлагдах уу?
Тухайн орон нутгийн байнгын оршин суугч Улаанбаатараас очсон тохиолдолд гэрээр 7 хоног тусгаарлагдана. Мөн орон нутагт суурин ажилладаг хүн очсон үед мөн адил 7 хоног гэрээр тусгаарлагдана. Учир нь нууц үеийн хугацааг ийнхүү тооцож буй.

6. ПГУ шинжилгээг үнэ, төлбөртэй авч байгаа юу?
УОК, НОК- ын шийдвэрийн дагуу ажиллаж буй цэгүүдэд үнэ, төлбөргүй авна

7. ПГУ шинжилгээний хариуг хүчин төгөлдөрт тооцох 72 цагийг яаж тоолох вэ?
Шинжилгээ өгөгчийн шинжилгээний хариу гарсан тухайн өдөр, цагаас эхлэн 72 цагийн хугацааг тоолно.

8. Хөдөө орон нутгаас ирэх хүн ПГУ-ын шинжилгээ өгөх үү?
Өгөхгүй, асуумж бөглөөд товчоодоор нэвтэрнэ. Учир нь ногоон бүс буюу халдваргүй газраас ирж байгааг харгалзсан болно. Буцахдаа ПГУ-ын шинжилгээ заавал өгнө.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах