Цэс Close

Хоёр гаргүй балетчин бүсгүй: Над шиг хүмүүс ч мөрөөдлөө биелүүлж болдог

Виториа Буэнаг таван настайд ээж нь балетын дугуйланд дагуулан очжээ. Охиныг нь үеийн хүүхдүүд хэрхэн хүлээн авах бол, шоолж доромжлох болов уу гэсэн айдас, жихүүдэс байв. Учир нь Бразилын Рио-де-Жанейрогоос холгүйхэн орших жижигхэн хот Санта Ритад мэндэлсэн охин нь хоёр гаргүй.

Жирэмсэн байхад нь л эмч нар “Охин чинь хоёр гаргүй хүүхэд төрнө шүү” гэж хэлсэн бөгөөд ямар ч байсан төрүүлнэ, өсгөж сайхан амьдруулна гэж шийджээ.

“Манай гэрийн ойролцоо хүмүүс циркийн сармагчин үзэх гэж буй мэт шавчихдаг байлаа. Охиныг маань гадагшаа гарахыг хүлээж байгаа нь тэр” хэмээн Виториагийн ээж дурсан ярьж байна. Гэвч тэрбээр бусдын сониуч харцанд бүдрэлгүй охиноо амжилттай сайн хүн болгоно гэж зүтгэжээ.

“Бүжгээр хичээллэ” гэж эмч бидэнд хэлсэн юм. Охины маань хөлний үе, булчин их хүчтэй байгааг эмч анзаарч, тэгж зөвлөсөн. Тэрний дагуу бүжгийн дугуйланд явуулсан” гэж ээж нь өгүүлжээ.

Харин балетын багш Андреа Фальсарелла “Манай дугуйлангийн хүүхдүүд Виториагийн уян хатан хэрнээ сэтгэлийн асар их тэнхээтэйд атаархдаг” гэж ярьсан байна.

Одоо Виториагийн олон нийтийн сүлжээн дэх хуудсыг 150 мянга гаруй хүн дагадаг. 16 настай бүсгүй бусдын сэтгэл зүрхэнд урам өгч, хэн ч байлаа гэсэн мөрөөдлөө биелүүлж болдгийн тод жишээ юм.

“Гар бол биеийн нэг л хэсэг. Би тайзан дээр гарахдаа нүдээрээ бүжиглэдэг. Тийм ээ, би гартай юм шиг бүжиглэдэг” хэмээн Виториа өгүүлж байна. Уян хатан чанар маш сайтай болохоор хөлийнхөө хуруунд сойз хавчиж байгаад шүдээ төвөггүй угаачихна. Нүүрээ мөн хөлөөрөө будна, олон нийтийн сүлжээнд хөлийнхөө хуруугаар текст бичээд оруулчихна.

Саявтархан Их Британийн Хатан хааны нэрэмжит Бүжгийн академи Виториаг урьжээ. Гэхдээ тэр өөрийгөө дэлхийн хамгийн шилдэг балетчин гэж боддоггүй. Тэгэхийг ч хүсдэггүй. “Над шиг хүмүүс ч гэсэн мөрөөдлөө биелүүлж болдог. Бүжиглэж байгаад уналаа гэхэд би зориудаар унасан мэт болоод үргэлжлүүлэн бүжиглэдэг. Энэ нь яг л миний амьдрал шиг” хэмээн балетчин бүсгүй ярьж байна.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах