Цэс Close

Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдыг дархлаа сэргээх 3 дахь тунд хамруулж эхэлнэ

Эрдэнэт үйлдвэр, уурхайчдынхаа дархлааг сэргээх нэмэлт 3 дахь тунгийн вакцинжуулалтыг маргааш буюу 9 сарын 9-нд эхлүүлэхээр бэлтгэл хангажээ. Дархлаа сэргээх 3 дахь удаагийн тунд  Файзер вакцин хийхээр сонгож, 7000 тун тарилга татаж авсан байна.

Энэ удаагийн дархлаажуулалтыг богино хугацаанд нэг дор олон хүн бөөгнөрүүлэхгүй байхаар зохион байгуулж, үйлдвэрийн хэмжээнд 4 цэгт тарилгын байр бэлджээ.

Тухайлбал, Спорт ордноос гадна үйлдвэрийн бүсэд ажилтнуудыг ажлын байрнаас  хөндийрүүлэхгүй байх боломжийг бүрдүүлж, Ерөнхий захиргааны 1 дүгээр байр,  Засвар механикийн завод, Дулааны цахилгаан станц дээр вакцинжуулалт хийгдэнэ. Мөн явуулын гурван цэг ажиллах юм.  Дархлаажуулалтыг тус үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар байгуулагдсан мэргэжлийн баг бүрэлдэхүүн, дэд ажлын хэсэг, аймгийн Эрүүл мэндийн газрын 100 гаруй ажилтан бэлтгэл ханган, ажиллаж байна. 

Эхний ээлжинд файзер вакцины 3 дахь тунд үйлдвэрийн 4600 гаруй ажилтан хамрагдахаар нэрсийн жагсаалт, цагийн хуваарь бэлэн болжээ. Дархлаажуулалтын 3 дахь тунд хамрагдсанаар цар тахлын хувилбар өөрчлөлтүүд маш хурдан хугацаанд тархаж нэмэгдэж байгаа үед хүний дархлаа сэргээх ач холбогдолтой. Файзер вакцинжуулалтын 3 дахь тунд эхний 2 тунг бүрэн авсан ажилтнууд хамрагдана. Харин эмчийн хяналтад байдаг вакцины эсрэг заалттай болон ковидоор халдварлаад эдгэрсэн ажилтнууд, жирэмсэн эхчүүд одоогоор хамрагдахгүй юм байна.   

Нэмэлт вакцинд хамрагдах нь  тухайн ажилтны дархлаа сэргэж, ямар нэг хүндрэлгүйгээр ажил хөдөлмөрөө хэвийн үргэлжлүүлэхэд хамгийн зөв сонголт болно гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолж байна. Түүнчлэн ажилтан бүр вакцинд хамрагдахдаа хувийн бэлтгэлээ сайн хангах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, вакцин тариулахын өмнө болон дараа нь хүйтэн зүйл уухгүй, даарч хөрөхгүй байх, сэтгэл зүйгээ бэлдэх, тайван байх, даралтны эм хэрэглэдэг бол өмнө нь уух, халуун бүлээн ус цай шөл уух, согтууруулах болон халуун ногооны төрөл хэрэглэхгүй байх зэрэг шаардлага хангаж, биелүүлэх ёстойг Эрдэнэт сувиллын цогцолборын Ерөнхий эмч Ж.Ганчимэг зөвлөлөө.

эх сурвалж: erdenettogay.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах