ЭСЯ: БНСУ-д хууль бусаар оршин сууж буй хүмүүс энэ онд багтан сайн дураараа нутаг буцвал торгуулиас чөлөөлнө
БНСУ-ын Хууль зүйн яамнаас хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэдэд зориулсан сайн дураар нутаг буцах тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, дараах мэдээллийг гаргаад байна.
Тодруулбал тусгай хөтөлбөрийн хүрээнд 2023 оны есдүгээр сарын 11-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сайн дураар нутаг буцах гадаадын иргэдийг торгуулиас чөлөөлж, хилээр буцаж орох эрхийг хязгаарлахгүй байх арга хэмжээ авахаар болжээ.
Энэ нь БНСУ-д оршин суух дэг журмыг сахих, тус улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа баривчилгааны аяны хүрээнд гадаадын иргэн өөрөө сайн дураараа нутаг буцах тохиолдолд тухайн иргэнд урамшуулал олгож, сайн дураараа нутаг буцах боломжийг олгох түр хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөр юм.
Гэхдээ уг хөтөлбөрт хууль бусаар хил нэвтэрсэн, хуурамч гадаад паспорт ашигласан, эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон болон хилээр гарах шийдвэрийг хэрэгжүүлээгүй иргэнд хамаарахгүй бөгөөд дээрх хөтөлбөрт хамрагдаж, нутаг буцах хүсэлтэй иргэд БНСУ-ын Хууль зүйн яамны лавлах утас 1345 тусгай дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авахыг зөвлөж байна.
Мөн тус улсад хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдтэй тэмцэх 3 дахь удаагийн аяныг энэ оны 10 дугаар сараас эхлэн үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байгааг БНСУ-ын Хууль зүйн яамнаас мэдэгдээд байна.
Эх сурвалж: Сөүл дэх Монгол Улсын Элчин Сайдын Яам
Сэтгэгдэл үлдээх