Цэс Close

Ажилгүй хүний тоо 17.5 мянгаар нэмэгджээ

Ажиллах хүчний судалгааны энэ оны хоёрдугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.2 сая нь ажиллах хүч байна.

Ажиллах хүчний 1.1 (91.6 хувь) сая нь ажиллагчид юм. Ажиллагчид өмнөх оны мөн үеийнхээс 79.5 (6.7 хувь) мянгаар багасаж, өмнөх улирлынхаас 50.8 (4.8 хувь) мянгаар нэмэгдлээ. Улсын хэмжээнд 15 түүнээс дээш насны хүн амын 917 (43.2 хувь) мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна. Тэдгээрийн 71.8 (7.8 хувь) мянга нь цалин хөлс, орлого олох ажил хайх эсвэл хийх нөхцөл нь бүрдвэл ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн байгаа боломжит ажиллах хүчинд багтжээ.

Ажилгүй хүн өмнөх оны мөн үеэс 17.5 (21 хувь) мянгаар, өмнөх улирлынхаас 0.1 (0.1 хувь) мянгаар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Ажилгүй хүн өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдэхэд 25-44 насны хүн ам 20.9, өмнөх улирлынхаас өсөхөд 30-54 насныхан 12.4 мянгаар нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Боломжит ажиллах хүч өмнөх оны мөн үеийнхээс 2 (2.7 хувь) мянга, өмнөх улирлынхаас 37 (34 хувь) мянгаар багасав. Боломжит ажиллах хүч өмнөх оны мөн үеийнхээс буурахад 25-29 насны хүн ам 6.7 мянга, 40-44 насныхан 4.2 мянгаар, өмнөх улирлынхаас багасахад 25-54 насныхан 31.1 мянгаар буурсан нь нөлөөлжээ.

Нийт ажиллагчдын 114 (10.3 хувь) мянга нь сүүлийн 7 хоногт ажиллаагүй ч буцаж хийхээр хүлээж байгаа /тогтмол хийдэг/ цалин хөлс, орлого олох ажилтай. Тэдгээрийн 85.5 мянга (75 хувь) нь үүсээд буй цар тахалтай холбоотой шалтгаанаар ажиллаагүй аж. Сүүлийн 7 хоногт ажиллаагүй ажиллагчид өмнөх оны мөн үеийнхээс 2 дахин буюу 56.2 мянгаар, өмнөх улирлынхааас 17.5 (18.1 хувь) мянгаар, үүнээс цар тахал, хөл хорионоос шалтгаалсан нь өмнөх оны мөн үеийнхээс 4 дахин буюу 65.3 мянгаар, өмнөх улирлынхаас 26.4 (44.8 хувь) мянгаар нэмэгдсэн байна. Ажиллагчдыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хөдөө аж ахуйн салбарт ажиллагчид 21.4 (7.9 хувь) мянга, аж үйлдвэр, барилгын салбарынх 0.3 (0.1 хувь) мянгаар нэмэгдэж, үйлчилгээний салбарынх 101.2 (15.3 хувь) мянгаар багаслаа.

Ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс буурахад хөдөлмөр эрхлэлтийн статусын хувьд цалин хөлстэй түр ажиллагч (103.4 мянгаар), цалин хөлстэй тохиолдлын ажиллагч (25.8 мянгаар), гэр бүлийн гишүүдэд хувь нэмэр оруулагч (19.2 мянгаар) багассан нь нөлөөлсөн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах