Цэс Close

“Ажнай” Д.Бат-Эрдэнийн нүүрсний хэрэгт холбогдсон Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж АН-аас нэр дэвших үү?

Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн “Ажнай” Д.Бат-Эрдэнийг хуулийн байгууллагаас шалгаж буйтай холбоотойгоор УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн.

“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хувьд гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн ч хэргийг эцэслэн шийдвэрлэлгүй сонгуультай золгов. Өмнөговь аймгаас УИХ-д гурван удаа сонгогдсон Д.Бат-Эрдэнийн хувьд нүүрсний сонсголоор багагүй  булхай нь илэрсэн атал өнөөдрийг хүртэл ямар ч хариуцлага үүрээгүй явна. Тухайлбал, түүнийг “Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар томилохдоо хууль зөрчсөн, тухайн үеийн бүх баримт устсан, хоёр тендер тутмын нэг нь зөрчилтэй, хөрс хуулалтын ажлын дүнг нягтлах боломжгүй, нэгдмэл сонирхолтой компаниуд оролцсон, өөрийн хамаатан саданг ТУЗ-д томилуулсан, ТУЗ-ийн гишүүд болох Д.Бат-Эрдэнэ, Р.Сэддорж нарын хүмүүст урамшуулал олгосон гэх мэтээр яригдсан. Нүүрсний сонсголыг даргалагч УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр энэ бүх баримтыг хууль хяналтын газарт шилжүүллээ хэмээн зарласан.

Анх УИХ-ын гишүүн асан Л.Энхболд “Орон нутгийн 51 хувийн эзэмшилтэй Тавантолгой ХК-аас 379 мянган тонн нүүрс зувчуулсан буюу “мөргөцөг алга болсон” гэх хэрэгт холбоотой гэсэн мэдээлэл өгч байсан юм.

Нүүрсний хулгай сөхөгдөх үеэр “Ажнай” Д.Бат-Эрдэнэтэй холбоотойгоор 2010 онд  379 мянган тонн нүүрс гаалийн мэдүүлэггүй алга болсон гэх хэргээр хуулийн байгууллагад дуудагдсан. Түүний туслах асан, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн хэлснээр 340 мянган тонн нүүрс шатсан гэж мэдүүлсэн байдаг.

379 мянган тонн нүүрс+340 мянган тонн нүүрс=719 мянган тонн нүүрс буюу 5100 орчим машин нүүрс. "Тавантолгой" ХК-ийн 2022 оны борлуулалтын өртөг болох тонн нүүрсний 25 ам.доллараар тооцоход 18 сая орчим ам.доллар.  Энэ мөнгөөр ядаж л Өмнөговь аймагт юу хийж болох байсан бол...

Харин өдгөө АТГ, Прокурорт тэрээр 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, гүйцэтгэх захирал Р.Сэддорж нарт хууль бусаар нөлөөлсний улмаас 323,900 тонн нүүрсийг өр төлбөрт авсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн “Таван толгой” ХК, “Тавантолгой транс” ХК-иудын хувьцаа эзэмшиж байсан албан тушаалын байдлаа ашиглаж “Тавантолгой” ХК-д 18,478,856,284 төгрөгийн хохирол учруулан хөрөнгө завшихыг удирдан зохион байгуулсан хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь / Хөрөнгө завших/ заалтад зааснаар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж буй.

АТГ-аас “нүүрсний хулгай”-н хэргээр Ажнай Д.Бат-Эрдэнийн туслах асан Өмнөговь аймгийн Засаг Р.Сэддоржийг хамтад нь шалгаж байсан бөгөөд хуулийн хүрээнд түүний хэрэг шалгагдаж дууссан эсэхээс шалтгаалан тэрээр АН-аас нэр дэвших эсэх яригдаж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах