Цэс Close

Алтан бөмбөгтэй навчин хүү буюу Лука Модричийн түүх

[cmsmasters_row data_shortcode_id="qh9kd6p4ps" data_padding_bottom_mobile_v="0" data_padding_top_mobile_v="0" data_padding_bottom_mobile_h="0" data_padding_top_mobile_h="0" data_padding_bottom_tablet="0" data_padding_top_tablet="0" data_padding_bottom_laptop="0" data_padding_top_laptop="0" data_padding_bottom_large="0" data_padding_top_large="0" data_padding_bottom="50" data_padding_top="0" data_bg_parallax_ratio="0.5" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center" data_color="default" data_bot_style="default" data_top_style="default" data_padding_right="3" data_padding_left="3" data_width="boxed"][cmsmasters_column data_width="1/1" data_shortcode_id="abcbr22xyr" data_animation_delay="0" data_border_style="default" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center"][cmsmasters_text shortcode_id="giuj0x7v6d" animation_delay="0"]

“Би түүнийг багадаа алхаж явахыг бараг хараагүй. Дандаа л гүйж явдаг хүү байсан” гэж Модричийн ээж Радойка инээмсэглэн өгүүлээд  “Тэр үед дайн дэгдэж, бид Задараас Затон руу шилжихээс өөр аргагүй болсон юм. Хямдхан зочид буудлын өрөөгөөр хэсч хэдэн жил манай гэр бүл амьдарсан. Харин Лука зочид буудлын гадаа жижиг ч хамаагүй талбай олоод л тоглож байдагсан. Бөмбөг тэсэрч, буун дуу сонстохтой зэрэгцээ зочид буудлын зарим цонх хагарч буй нь дуулдана. Гэхдээ энэ бол манай хүүгийн л өшиглөсөн бөмбөг айлын цонхыг хагалж буй нь тэр” хэмээн үргэлжлүүлэн ярьжээ.

Лука Модричийн гэр бүл Задараас дүрвэн зугтахаас аргагүй болсон гол шалтгаан бол түүний өвөөг сербийн дайчид хөнөөчихсөн юм билээ. Өвөө нь сербүүдтэй тулалдахаар шийдэж ойрмогхон ой шугуйд хэсэг нөхдийн хамт партизанчилж явж. Гэвч нэг л өдөр эргэж ирсэнгүй. Нэлээн удаан хайсны эцэст ойн гүнээс цогцсыг нь олжээ. Тэр оройдоо Стипе Модрич гэр бүлийнхнээ яаруулан байж Задараас дүрвэж, Затонд очсон байна.

Лукагийн ээж нь нэхмэлч. Гэхдээ дайн түүнд ажил хийх, мөнгө олох ямар ч боломж өгсөнгүй. Харин аав Стипе нь механикч болохоор Хорватын цэргийн ангид ажиллаж, багавтар цалин авна. Стипегийн цалин чамламаар ч гэсэн хүүдээ гар татна гэж үгүй. Заримдаа хоол хүнсээ хойш тавин хүүдээ пүүз, өмсгөл хүртэл авч өгдөг байж.

Гэхдээ дайны хөлд дарагдсан тэр үед шилбэний хамгаалалт олно гэдэг бараг бүтэшгүй зүйл. Шавилхан биетэй турьхан хүү шилбэний хамгаалалтгүй хөлбөмбөг тоглоно гэдэг хөлгүй л болно гэсэн үг. Тиймээс “Задар” багийн дасгалжуулагч Томислав Башич модоор шилбэний хамгаалалт урлаж өгчээ.

Томислав Башич бол Модричийн хөлбөмбөгийн загалмайлсан эцэг. Түүнийг нээн олж, хөлбөмбөгийн замналыг нь зааж өгсөн хүн юм. 1995 онд буюу 10 настай Лука хүүг “Хайдук”-т Башич шалгуулахаар болжээ. Гэвч гурав хоног бэлтгэл хийлгээд буцаасан байна. Учир нь Хорватад төдийгүй  Европ даяар тэр үед өндөр нуруутай, биеийн хүч сайтай хөвгүүдийг хөлбөмбөгчөөр сонгон авах сонирхол илүү байв. Гэтэл Лука бэлтгэл хамт хийсэн үеийнхнээсээ дунджаар 15 сантиметрээр намхан бас турьхан гэж жигтэйхэн. Бэлтгэл дээр авьяас чадвараа харуулсан ч гэсэн гурав хоногийн дараагаар түүнийг гэр рүү нь буцаав. “Энэ яс арьс болсон хүү чинь дэндүү сулбагар юм” гэж өөлжээ.

Бухимдсан хүү хөлбөмбөг дахин тоглохгүй гэж тэр зуурхан шийдэж, хэд хоног гүрийж үзэв. Гэвч өнөөх Башич ятгаж “Задар”-т тоглуулсан юм.

“Аймшигтай үе байсан шүү дээ. Үргэлжийн айдас түгшүүр дагаастай. Нэг удаа бэлтгэлийн үеэр талбайд бөмбөг дэлбэрч, бид хоргодох байр руу хар хурдаараа гүйлдэж байж билээ” хэмээн Башич дурсав.

Жилийн дараагаар “Хайдук”-тай “Задар” тоглоход Лука ур чадвараа гайхуулж, хэд хэдэн удаа чамин хууралтаараа уулга алдуулсан ч дахиад л авья гэж ам ангайсангүй. Уг нь “Хайдук” бол Лука хүүгийн багаасаа дэмжсэн баг нь юм билээ.

“Модрич навч шиг хөнгөхөн туранхай хүү байсан юм” гэж “Задар”-ын хүүхдийн багийн дасгалжуулагч Миодраг дурссан байдаг.

2001 онд Башич түүнийг “Динамо Загреб”-т аваачлаа. Гэвч хоёр жил өсвөрийн багт тоглуулаад Боснийн “Зриньски” рүү зээлүүлчих нь тэр. Зэрлэг тоглолтоор алдаршсан Боснийн лигт 18 настай туранхай хүү хөлөө хугалуулчихгүй л байвал их юм. Тэгээд ч Боснийн фанатууд хорват хүүг гоочлоод хараагаад ердөө зүгээр тоглуулахгүй.

Эхэндээ ч Лука хэцүүдэж байж. Эхний үе дундаа орох үед л сэлгээгээр суух хүсэлтээ дасгалжуулагчдаа тавина. Хэд хэдэн тоглолтод их ядарсан, биедүүлсэн хүү эрт суужээ. Суухаар талбайн хажуу руу алхахад үзэгчид шүгэлдэж, харааж зүхнэ. Тэсвэр тэвчээр түүний хамгийн том асуудал болсон хэрэг. Ингээд сар орчим биеийн хүчний бэлтгэл хийх гэж үзсэн ч өөрт нь огт зохихгүй эд гэдгийг ойлгоод больжээ.

“Аажмаар л тэвчээр сууж, дассан даа. Урьдын адил туранхай ч гэсэн түлхүүлж, дэгээдүүлэлгүй эвтэйхэн бултаж гараад сурчихсан” гэж тухайн багийн дасгалжуулагч хүүрнэсэн байна. Ингээд Лука 30 дахь минутад сууя гэж гуйдаг байсан бол ямартай ч 60 минут талбай дээр байчихаж чадахаар болжээ.

Тэр нэг жилийн зээллэгийн хугацааг Лука Модрич хожим ингэж товчхон дурссан байдаг. “Боснийн лигт тоглож чадсан хөлбөмбөгч дэлхийн хаана ч хөнгөхөн тоглочихож чадна” гэж.

Ингээд тамын нэг жил өндөрлөж, эргээд “Динамо Загреб”-таа ирлээ. Гэвч дахиад л “Интер Запрешиче” рүү зээлүүлчихэв. Энэ багт Модрич гялалзаж, клубын түүхэн дэх хамгийн том амжилтдаа хүрэхэд их хувь нэмэр оруулжээ.

“Ювентус”, “Интер”, “Арсенал”, “Барселона” түүнийг сонирхож эхлэв. 2008 онд “Арсенал” нэг авах гэснээ эцсийн мөчид татгалзсан юм билээ. Венгер Премьер лигт ийм туранхай хүү тоглож чадахгүй гэж тооцсон хэрэг байх.

Дараа нь “Барселона” бас сонирхов. Гэвч мөн л бодлоосоо эцэстээ буцжээ.

Эцэстээ Английн “Тоттенхэм” түүнд итгэсэн юм. Дамьен Комолли “Би тоглолтыг нь хараад шууд дурлачихсан гэвэл онох байх. Надад тэр өндөр жин гэх мэт зүйлс огт хамаагүй юм шиг санагдсан” гэж Комолли хожим өгүүлсэн.

2012 онд “Тоттенхэм”-ээс Испанийн “Реал Мадрид” руу мордлоо. Тухайн үеийн ч,  одоогийн ч агент нь Ваня Боснич хэмээх бүсгүй. Энэ бүсгүй бас түүний эхнэр. Өөрөөр хэлбэл, эхнэр агент хэмээх хоёр чухал “ажил”-ыг амжуулж, арыг нь бүрэн даадаг юм. Тэд нэг хүү, хоёр охинтой. Дашрамд сонирхуулахад, Австралийн шигшээ болон Английн хэд хэдэн багт тун сайн тоглож явсан довтлогч Марк Видука бол Лукагийн холын хамаатан юм билээ. 1960-аад оны үед Австрали руу гэр бүл нь гарч, тэнд Видука төрж өссөн ажээ.

Мадридад очсоноор Лука Модрич Аваргуудын лигт дөрвөнтээ түрүүлчихээд байна. Багийнхаа гол түлхүүр тоглогчийн зэрэгцээ орчин цагийн хөлбөмбөгийн хамгийн шилдэг төвийн хагас хамгаалагч гэхэд хилсдэхгүй биз ээ. Үүнийг ч хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн ДАШТ, түүний гайхалтай тоглолт, манлайлагчийн зан чанар, “Алтан бөмбөг” нотолж өглөө.

Модрич Евро-2008 оны шөвгийн наймд Турктэй хийсэн тоглолт үндсэн болон нэмэлт цагт тэнцэж, пенальтиар ялагчийг тодруулах болоход хамгийн эхэнд гарч цохиод хаалгаа оноогүй юм. Түүний дараагаар Иван Ракитич цохисон ч мөн л бүтэлгүйтэв. Ингээд Туркүүд цааш шалгарсан түүхтэй.

Дараа нь Английн цомд “Манчестер Юнайтед”-“Тоттенхэм” таарч, мөн пенальтиар бүхнийг шийдэх болоход Модрич цохихоос татгалзсан байдаг. “Би пенальти цохихоос айж байна. Энэ айдсаа давж гарах ёстой” гэж тэр тухайн үед хэлж байлаа.

Энэ удаагийн ДАШТ-д мөн яг ийм явдал тохиолдсон. Данийн хаалганд нэмэлт үед пенальти цохисныг Каспер Шмейхель хаасан. Гэвч дараа нь пеналтиар ялагчийг тодруулахад Модрич хэдхэн минутын өмнө алдсан айдсаа даван гарч амжилттай гүйцэтгэж чадсан билээ.

“Хөлбөмбөгчийн замналын минь туршид хүмүүс намайг намхан, туранхай, сулбагар гэж шүүмжилж, өөлж ирсэн. Гэхдээ та бүхэн хорват хүний мөн чанар гээчийг ойлгох хэрэгтэй. Дайны дараагаар бид сэтгэлийн хаттай, илүү зоримог шийдэмгий болсон. Одоо бидэнд түгшиж шантрах гэсэн ойлголт байхгүй” гэж Лука Модрич нэгэнтээ өгүүлжээ.

Харин Хатем Бен Арфа түүний талаар “Хэрвээ Модричт бариу шорт өмсгөчихвөл яг л 70-аад оны хөлбөмбөгч шиг харагдана. Лука бол хөлбөмбөгийн устаж үгүй болж буй төрөлд багтах тоглогч. Ийм залуусыг хамгааалж, хайрлах хэрэгтэй” гэж хэлсэн байна лээ.

Эх орныхоо төлөө тэмцэж яваад амиа алдсан өвөөгийнхөө Лука гэх нэрийг өвлөн ач, улс орноо дэлхийд цуурайтуулж, ДАШТ-ийн финалд гарч, "Алтан бөмбөг" гардсан залуугийн тухайд цухас өгүүлэхэд ийм ажгуу.

Р.Гэгээ

[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах