2026 оны Нобелийн физиологи, анагаах ухааны шагналыг Карл Дайссерот, Петер Хегеманн, Георг Нагель нарт олгохоор болсон талаар Каролинскийн хүрээлэнгийн Нобелийн хорооноос мэдэгджээ.
Эрдэмтэд “гэрлээр удирддаг ион сувгууд, оптогенетикийн чиглэлээр хийсэн нээлтүүдийнхээ төлөө” энэхүү шагналыг хүртэж байна хэмээн тус хорооны шийдвэрийн үндэслэлд дурдсан байна.
“2026 оны физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг амьд тархинд мэдрэлийн эсүүд дурсамж, сэтгэл хөдлөл, зан төлөвийг хэрхэн бүрдүүлдэг болохыг харуулах боломж олгодог оптогенетикийн аргыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн олгож байна. Петер Хегеманн, Георг Нагель нар нэг эст замагнаас гэрлийн нөлөөгөөр идэвхждэг сувагродопсин хэмээх онцгой уургийг илрүүлсэн бол Карл Дайссерот уг уургийг мэдрэлийн эсүүдэд зориулсан гэрлээр удирддаг сэлгэх залгуур болгон хувиргасан. Ийнхүү шагналтнууд мэдрэлийн биологийн шинэ эрин үеийн суурийг тавьсан билээ” гэж Нобелийн хороо мэдэгдсэн байна.
Тус хорооны дарга Пер Свенингссоны хэлэхдээ “Оптогенетик нь тархины бүтцийг бидний урьд өмнө зөвхөн мөрөөдөж төсөөлдөг байсан аргаар зураглан судлах боломжийг нээж байна” гэж онцолжээ.
Гэрлийн тусламжтайгаар мэдрэлийн дохиог удирдах арга болох оптогенетик нь богино хугацаанд дэлхий даяар өргөн хэрэглэгдэх болж, хүний тархины талаарх ойлголтыг үндсээр нь өөрчилсөн байна.
“Оптогенетикийн аргыг ашигласнаар судлаачид мэдрэлийн болон сэтгэцийн эмгэгтэй холбоотой тодорхой дурсамж, мэдрэмж, зан төлөвийг хариуцдаг мэдрэлийн эсүүдийн хэлхээг илрүүлж чадсан билээ. Эмнэл зүйн анагаах ухаанд харааны бэрхшээлтэй хүмүүсийн харах чадварыг сэргээх зорилгоор энэ аргыг ашиглан судалгаа хийж байна” гэж Нобелийн хороо мэдэгдээд “өдөр бүр шинэ нээлт хийж, хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамгийн том нууцуудын нэг болох бидний гайхамшигт тархи хэрхэн ажилладагийг тайлахад хувь нэмрээ оруулсаар байна” хэмээн онцолжээ.
Карл Дайссерот 1971 онд АНУ-ын Бостон хотод төржээ. 1998 онд философийн ухааны докторын зэрэг, 2000 онд анагаах ухааны докторын зэрэгтэй бөгөөд хоёуланг нь АНУ-ын Стэнфордын их сургуульд хамгаалсан байна. Тэрбээр Хьюзийн Анагаах ухааны хүрээлэн болон Стэнфордын их сургуулийн био инженерчлэл, сэтгэцийн эмгэг судлал, зан үйлийн шинжлэх ухааны профессороор ажиллдаг байна.
Петер Хегеманн 1954 онд Германы Мюнстер хотод төрсөн байна. Берлиний Хумбольдтын их сургуулийн нейробиологийн ахлах профессор тэрбээр 1984 онд Германы Мартинсрид хот дахь Макс Планкийн нэрэмжит Биохимийн хүрээлэнд докторын диссертаци хамгаалжээ.
Георг Нагель 1953 онд Германы Вайнгартен хотод төржээ. 1988 онд Франкфуртын их сургуульд докторын диссертаци хамгаалжээ. Тэрбээр Вюрцбургийн их сургуулийн молекулын ургамлын физиологи, биофизикийн тэнхимийн молекулын ургамлын физиологийн профессороор ажилладаг байна.
