МАН-ын зодоон оргилдоо хүрч, Ерөнхийлөгчийн сонгуулийн буухиа нь талцлын үргэлжлэл болж, хөнжилдөө хөлөө жийлцэж байна. Харин Ардчилсан нам энэ хооронд хүчээ зузаатган, нөөж байгаа нь илт. Намын дарга нь бүлгийн даргын ажлыг давхар хийх нь зохисгүй гэх шүүмж өрнөхөд АН яг л МАН шиг талцаж, зодоон эхлүүлэх нь гэж харж байлаа. Гэтэл АН-ын дарга О.Цогтгэрэл ажрах ч үгүй бүлгийн даргын суудлаа өгчихлөө. Бүлгийн даргад өрсөлдөгчид ч бие бие рүүгээ хортой сум шидэлгүй, бүлгийн хурлаараа санал хураалтаар асуудлыг шийдчихэв. Эрх баригчид цөөнхийг бүлгийн даргын төлөө хагаралдаж, баруун солгойгүй байлдана гэж анаж байлаа. Гэтэл байдал өөрөөр эргэв. АН-ын дарга дотооддоо “алалцах” замыг сонгосонгүй. Хэрүүл, тэмцэл хийх нь байтугай, эв аятай өрсөлдөх боломжийг нөхдөдөө олгочихсон. Бүлгийн даргаа өгөхгүй гэж зууралдсангүй, ханцуй шамлан “Өөрчилье, шинэчилье” аянаа эхлүүлээд 2028 онд нэр дэвшихийг горилж буй залуусын улс төрийн оролцоог сайжруулж, тэр хүртэл залуусаа олонд таниулах ажлаа эрчимжүүлээд явж байна.
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх санаатай хүмүүс нэр дэвших сонирхлоо илэрхийлж эхэлсэн ч хоорондоо дайтаад байгаа юм алга. МАН тогоон дотроо нүдэлдэхэд АН эсрэгээрээ илүү нягт болж байна. С.Баярцогтыг генсекээрээ тавьчихсан, Б.Түвшинг бүлгийн дарга болгочхоод, ид насны төлөвшил хандлага, боловсролтой залуусаар намын цөмөө бүрдүүлээд ажиллаж байна. Эхийг нь эцээж, тугалыг нь тураасангүй. Ёстой л шижигнэсэн баг бүрдсэн байна лээ. Үе үеийн ардчилсан нам инстуцийн түвшиндээ суларсныг сэргээж О.Цогтгэрэл, Баярцогт нар ажиллаж байгаа нь Ардчилсан намын ирээдүй өнгөтэй байгааг илтгэнэ. Нөгөө талаасаа 126 кандидатаас өнөөгийн 42-оо хасвал цоо шинэ 84-ийг нэмж сойх шаардлага ч бий. АН фракцуудынхаа зодооныг ч шийдэж чадсан байна. Төлөөллийн байгууллагынхаа тоог ч нэмэх сурагтай. Ингээд нягтарвал ялалт гарцаагүй АН-д эргэнэ. Дээр нь АН-ын дарга нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн олон хүний үгийг сонсож, зөвлөлдөж байгаа нь харагдаж байна. Хашир туршлагатай улстөрч, оюун санааны чиг болсон хүмүүсийнхээ үгийг сонсохоос гадна нийгэмд Монголыг өөрчилсөн ололт амжилтуудыг нь яриулж байх жишээтэй. Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Р.Амаржаргал, П.Цагаан, С.Ламбаа, Д.Дорлигжав, Баабар зэрэг цаг үеийн лидерүүдийнхээ үгийг сонсож, зарим үед зөвлөлдөж байгаа гэж дуулдсан. Ганц АН гэлтгүй аль ч нам эвслийн тэргүүнүүд улс орны гадаад, дотоод чиг баримжаандаа үгийг нь сонсдог Баабар ч тусалж байгаа харагдана. Энэ нь АН-ыг ирэх сонгуулиудад ялуулахад нэн чухал ач холбогдол өгсний шинж. Компанийнхаа захирал Г.Буянбаатарыг О.Цогтгэрэлийн зөвлөх болгосон нь учиртай байх. Ямартай ч буруу, зөвгүй хашхичиж, бусгалгүй, буурьтай, тактиктай улстөр хийж байна, АН-ын дарга. МАН-ын зодоон улс оронд хохиролтой байгаа энэ үед АН эвтэй байх нь чухал юм.
бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа
