Байр суурь: Э.Одбаяр, Д.Монголхүү нар үзэл бодлоо илэрхийлснээр Засгийн газар хохирсон юм уу?
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр УИХ дах АН-ын бүлгийн гишүүд Монгол Улсын хоёр иргэний эрх чөлөөнд ноцтой халдаж, хууль бусаар баривчилж, залхаан цээрлүүлж байгааг хэллээ.
Тэд NoDoubleStandart хөдөлгөөний тэргүүн Э.Одбаяр болон Д.Монголхүү нарыг үг хэлж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хоригдож байна гэж ярилаа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 461-р ангид хоригдож байгаа иргэн Э.Одбаярын асуудал хүнд байна. Хэрэв энэ иргэний амь нас хохирвол бид хариуцлагыг маш хатуу, чанга тооцох болно. Яагаад гэвэл энэ залуу үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хоригдсон. Энэ бол маш ноцтой. Ер нь бол хүний эрхийн асуудал дээр ялгаварлан гадуурхаж болохгүй. Тэр хүн аль намыг дэмждэг, дэмжлэггүй байх нь хамаагүй. Энэ хүний эрхийг зөрчиж болохгүй гэдгийг л яриад байгаа юм. Бид нар өнөөдөр 37 мянган иргэнээ хэлсэн үгнийх нь төлөө хэлмэгдүүлчихээд зовж суугаа ард түмэн. Үүнийгээ битгий мартаарай. Одоо иргэн Э.Одбаяр дээр танай байгууллагаас ямар арга хэмжээ авч байна. Эмчийн хяналтад байна уу? Сэтгэлзүйн дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа юу? Өлсгөлөнг зогсоох тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ? гэв.
УИХ-ын гишүүн Д.Ганбат... Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн 2 залууг хорьчихоод байна. Үүнийг Үндсэн хуулийн биелэлт гэх үү? Хууль, шүүхийн байгууллагуудын хууль бус ажиллагаа угширчихжээ. Хууль биелүүлэх Засгийн газар хаана байна. 100 жилийн өмнө Монголын ард түмэн Манжид ингэж дарлуулж байгаагүй шүү. Монголын олон мянган ноёдыг мөргүүжл байхад Манлайбаатар Дамдинсүрэн шоронд нас барж байсан. Энэ явдал одоо давтагдах гээд байгаа юм уу?
Монгол Улсын иргэн үгээ хэлж, үзэл бодлоо идэрхийлсний төлөө 22 хоног хоригдож байна. Энэ залуу Манлайбаатар Дамдинсүрэн шиг шоронд нас барах ёстой юм уу? Хаана байна тэр шударга шүүх чинь. Хаана байна тэр Үндсэн хуулийн биелэлт чинь. Тэр хуульзүйн сайдаа соль... гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 461-т аваачиж одоо хорьж, шалгаж, залхааж тэнд бас тодорхой хэмжээний одоо эрүүдэн шүүлт явуулж ийм зүйл хийдэг. Тэгэхээр энэний нэг илрэл бол жишээ нь өнөөдрийн энэ Д.Монголхүүгийн болон Э.Одбаярын асуудал байж байгаа. Тэгэхээр энэнд бол үнэхээр одоо тодорхой одоо хохирогч гэснээс хохирогч нь хэн юм бэ? Хохирогч нь төр юм уу? Хохирогч нь тэгээд ард түмэн юм уу? Хохирогч байхгүй. Яг яс юман дээр одоо энэ хоёр хүний чинь хохирогч нь яг мэдэх эрхээ хасуулсан ард түмэн байхгүй юу. Өөрсдөө байхгүй юу. Тийм учраас энэн дээр тодорхой шийдвэр одоо манай хууль хүчний байгууллагууд гаргах ёстой. Өөрөөр хэлбэл энэ үг хэлэх эрхийнхээ төлөө тэмцсэн энэ хүмүүс дээр одоо ийм асуудал дээр одоо энэ хүмүүсийг залхааж сараар нь ингэж хорьж ингэж байгаа нь бол үнэхээр одоо хүний эрхийг зөрчсөн ийм шийдвэр байна аа гэж харагдаж байгаа.
Сэтгэгдэл үлдээх