Цэс Close

 “Бум арт” галарейн тэргүүн, зураач Л.Бумандорж: Миний уран бүтээлийн гол онцлог бол дүрслэх урлагийн олон төрөл зүйлээр ажилладаг

Зураач Л.Бумандорж ахтай цөөнгүй уулзаж  байлаа. Түүнийг анх Дорнод Монголын уудам тал нутагт зураачидтайгаа пленерт явж байхад нь танилцсан юм. Тэрээр 1972 оноос эхлэн уран бүтээлээ хийж эхэлснээс өнөөдрийг хүртэл үргэлж л уран бүтээлийн төрөл зүйлээ өргөжүүлэн, уулзах тоолонд шинэчлэгдэж, өөрчлөгдөж өнөөдөр дэлхийн уран зургийн хөгжилтэй хөл нийлүүлэн ажилладаг уран бүтээлчдийн нэг болжээ.

Түүний уран бүтээлийн нэрийн хуудас бол өнгө, хэлбэр, дүрсийн зохиомж бүхий абстракт бүтээлээс монгол уламжлал аж байдал, амьдралыг шингээсэн гэр хороолол бүхий экспрессионист бүтээлүүд юм. Тэрээр  “Гэр хороолол бол түүх юм. Хэмхэрч унасан хашаа, бор гэр харагдавч тэр нь давтагдашгүй ахуй орчин байдаг. Байгаа байдлаар нь дүрсэлбэл хэн ч сонирхохгүй. Урлаг болгож зурах нь чухал. Дэлхий дээр Монголд л байдаг ийм  ертөнц. Ер нь нүүдэлчдийн соёл иргэншил гэдэг утгаар нь гадаадынхан ч гэр хорооллын сэдэвт зургийг илүү сонирхдог. Би энэ сэдвээрээ зурах бүрт өөр өөр өнгө төрх, өнцөг гарч ирдэг” гэж бидэнд ярилаа.

Дөрвөн зураачийн хамтарсан “Адил үгүй ертөнц” үзэсгэлэн нээгдэхээс өмнө түүнтэй товч ярилцсан юм.

-  Юуны өмнө таньд бийр бэхэс нэг шавь нар уран бүтээлчидтэйгээ хамтран “Адил үгүй ертөнц” үзэсгэлэнд оролцож байгаад баяр хүргэе. Таныг уран бүтээлчийн хувьд маш олон төрлөөр бүтээлээ хийдгийг тань мэднэ. Хоёулаа таны уран бүтээлийн төрөл зүйлийн талаар яриагаа эхэлье.

-Баярлалаа. Миний хувьд бие даасан болон хамтарсан  олон үзэсгэлэн гаргасан. Үзэсгэлэнгээс үзэсгэлэнгийн хооронд уран бүтээл маань өргөжсөөр, төрөл зүйл бүрээр туурвисаар нэлээд  олон чиглэлээр  бүтээлээ хийдэг болжээ. Миний хувьд дан ганц уран зураг дээр суурилсан бүтээлээс гадна график ялангуяа модон бар, хулдаасан бар, зурагт хуудас зонхилдог. Модон барын бүтээлээрээ БНАГУ-ын Берлин хотод график зургийн чиглэлээр гранфри шагнал хүртсэн. Түүнчлэн сүүлийн үеийн бүтээлүүдэд хөх шаазан болон гэрэл зураг, орчин үеийн урлагийн лэнд арт  буюу байгалийн материалаар  хийсэн ажлууд нэлээн давамгайлж, өөрийгөө бүх талаар сорьж бүтээхийг хичээж байна.  Миний  бүтээлүүд Монголын болоод дэлхийн галерей, байгууллага, хувь хүний цуглуулгад их бий. Тухайлбал, Хаан банкны урын санд 50 гаруй бүтээл, Монголын Уран зургийн галерейд график, абстракт болон гэр хорооллын сэдэвтэй бүтээл, байгалийн зургууд, хөрөг зураг зэрэг 30 шахам бүтээл хадгалагддаг. Түүнчлэн Олон улсын хэд хэдэн  галерей болон хувьд хүмүүст ч бий.  Мөн абстракт бүтээлээрээ олон төрлийн зохиомж хийж, Сөүл, Лондон, Варшавт үзэсгэлэнгээ гаргасан.

-  Марк, ил захидал, захианы дугтуйны зураг зурдаг талаар тань би бас уншиж байсан юм. Энэ тухайгаа хуучилна уу?

- Би 1987 онд Герман улсын Лайпцигийн зураасан зураг ба ном урлагийн дээд сургууль төгссөн шүү дээ. Лайпцигийн их сургуулийн хэлний бэлтгэлд сураад дараа нь таван жил графикийн  чиглэлээр Германд сурч төгссөн. Марк гэгч энэ гайхалтай ертөнц юм. Тухайн үед Монголын урчуудын эвлэлийн хорооны шугамаар улсын зардлаар Германы Лайпцек хотод урлагийн сургууль дүүргээд ирээд байсан юм. Эргэж ирээд Урчуудын эвлэлийн хороондоо ажиллана даа гэсэн юм бодож явтал тэр жил Соёлын гавьяат зүтгэлтэн Раднаабазар Монгол Улсын маркны асуудал хариуцан Германд томилогдсон байсан юм. Үүнээс өмнө манай улс Унгарт маркаа хэвлүүлдэг байснаа БНАГУ болгон өөрчилсөн нь тэр байж. Энэ нь Монголын маркны ертөнцөд нэн шинэ хуудас  дэлгэсэн түүхэн үйл явдал байлаа.  Раднаабазар гуай маркны асуудал эрхлэхээр болсон тул боловсон хүчнээ бэлтгэж эхэлсний нэгэнд би оногдсон байж.  Германд  сургууль төгссөн, мөн герман хэлтэй зураач учир намайг сонгосон болов уу. Олон улсын маркийг хэвлэж байсан том үйлдвэр Лайпцек хотноо байсан нь ч нөлөөлсөн биз. Ингээд л миний ажил, амьдралын гараа Холбооны яамны Маркны товчоотой холбогдсон  түүхтэй.  Би 1990 он хүртэл ажилласан.

Ер нь, марк тэр чигтээ түүхийг өгүүлдэг юм.  Урлаг, спорт, улс төр, амьтан судлал, сансар судлал гээд бүхий л шинжлэх ухааныг багтаасан маш өвөрмөц агуулгатай. Энэ мэргэжилийг  олон хүн сонирхдог. Учир нь, тэр жижигхээн зурагтай цаасыг бүтээхэд маш их цаг хугацаа, судалгаа шинжилгээ, нарийн ажиллагаа, олон хүний хүч хөдөлмөр шингэдэг. түүхийг дүрс зургаар хадгалан үлддэг хамгийн жижиг ч асар үнэ цэнтэйгээрээ онцлогтой. Он жил өнгөрөх тусам үнэ цэнэтэй болдог. Олон улсын шуудангийн эргэлтэд үнэт цаасны бүтээл болсон.

Монголчууд марк гэдэг хүн төрөлхтний том соёлтой танилцаад  нэгэн зууныг элээжээ.

-  Таны уран бүтээлийн гол онцлог нь юу вэ?

-Миний уран бүтээлийн гол онцлог бол дүрслэх урлагийн олон төрөл зүйлээр ажилладаг. Олон зураачид ингэж ажиллаж байна. Би тэдний л нэг. Сүүлийн жилүүдэд би монгол орноороо аяллалаа. Эх орноороо аялахаас сайхан  аз жаргал байдаггүйг илүү их мэдэрч, уран бүтээлийн судалгаа хийж,  “ургац” арвинтай он жилүүд үргэлжилж байна. Нэгдүгээрт уран зураг. Хоёрдугаарт график зураг. Гуравдугаарт абстракт урлаг. Дөрөвдүгээрт  байгаль дээрх урлаг буюу ланд арт. Байгалийн янз бүрийн материалаар уран бүтээл хийдэг гэсэн үг. Мөн шаазан дээр зураг зурах дуртай. Шуудангийн маркаа одоо ч  гэсэн зурах сонирхолтой. Гэрэл зургаар уран бүтээл хийж байна. Миний  уран бүтээлийн бас нэг онцлог нь зурсан зургандаа шүлэг бичих,  бичсэн шүлгэндээ зураг зурах хоббитой. 1999 онд “Зүрхэндээ зурна” үзэсгэлэнгээ гаргахдаа, мөн ийм нэртэй ном гаргасан байгаа.  За тэгээд абстракт урлаг, хөрөг зураг, номын зураг, зурагт хуудас, шуудангийн марк, дугтуйны зураг, плакат гээд олон чиглэлээр ажиллах сонирхолтой. Ийм л онцлогтой. Хөх шаазангийн уран бүтээлүүдээрээ  “Торгоны  замаар” сэдэвтэй төслийн хүрээнд  Хятад, Монгол, Оросод үзэсгэлэнгээ гаргасан.

-  Сүүлийн үед ямар бүтээлүүд дээрээ зонхилон төвлөрч байна вэ?

-Би гэрэл зургийн бүтээлүүдээрээ зохиомж хийж гурван үзэсгэлэн гаргасан. Зөвхөн цэцэг, ургамалын 5000 гаруй зураг авсан байна. Эх орныхоо эрс тэс уур амьсгалтай жилийн дөрвөн улирлын турш уран бүтээлээ туурвидаг. Монгол нутгийнхаа зүүн хязгаар Дарьгангын Шилийн богдоос эхлээд, Баян-Өлгийн аймгийн Алтай таван богд гээд эх орныхоо баруун зүүн хязгаарт хүрч, уран бүтээлийн судалгаа хийж байхдаа үргэлж шинэ бүтээлийн санаа төрж, уран бүтээлийн сангаа арвижуулж явдаг. 1999 онд “Зүрхэндээ зурна” гэсэн ном гаргаж байсан талаар дурдсан. Одоо ч шүлгээ бичиж байна. Заримдаа бүтээлдээ зориулж шүлэг бичнэ. Заримдаа шүлгэндээ зориулж бүтээл туурвина гээд янз янз байдаг. Эх орныхоо эрс тэс уур амьсгалтай жилийн дөрвөн улиралтай байгальдаа ланд арт  чиглэлээр тасралтгүй уран бүтээлээ туурвиж байна даа. Миний шүлгүүд хоёр жилийн өмнө Солонгосын “Евроази” сэтгүүлд хэвлэгдэн евроазийн уншигчдын хүртээл болсон юм. Одоо шинэ шүлгийн номоо гаргана. Бие даасан үзэсгэлэнгээ 2024 онд Австралид гаргахаар бэлтгэж байна.

-  Урлагийн боловсролыг хүүхэд ахуй цагаас олгох нь хэр зэрэг чухал бэ?

-Сүүлийн үед хүүхдүүд цаг хугацаагаа цахим орчинд өнгөрөөх явдал их түгээмэл байна. Энэ бол маш харамсалтай. Хамаг цаг хугацаагаа энэ цахим орчинд өнгөрүүлж, сайн мэдээ, мэдээлэл авахаас гадна элдэв муу юмны сэдэл тэндээс авах нь байна. Харин хүүхдийг урлагт хайртай болгож, урлагийн боловсролыг бага ч болов хүргэх юм бол маш их хэрэгтэй. Бага насны хүүхдүүд зураг зурж сурах нь төвлөрөлийг нь сайжруулдаг. Урлаг бол хүний сэтгэл зүйд тод гэрэл гэгээ нэмдэг. Ном уншдаг, үзэсгэлэн үздэг, хөгжим сонсдог байна гэдэг багаас нь  сайн хүмүүжил олгоход маш их хэрэг болно. Дэлхий даяараа энэ асуудалд их анхаарч, нийгэм тэр чигээрээ материаллаг сонирхол нь давамгайлаад урлаг соёлоосоо холдож, арилжаа наймааны сэтгэл зүй рүү орж, байгальтай харьцах нь багасаад байгаа учраас урлагт ойр байх нь тустай.   Бид багадаа чулуугаар тоглодог байсан нь сэтгэлгээг их хөгжүүлдэг байсан.  Урлагтай ойр байсан урлагаар амьдарсан хүмүүс сэтгэл санааны хувьд ч их гэгээлэг байх юм.

- Монголын уран зургийн хөгжил дэлхийтэй харьцуулахад ямар хэмжээнд байна вэ?

-Монголчуудын бүтээлийг дэлхийн олон орны хүмүүс сонирхдог болсон. Энэ бол хөгжиж буйгийн илрэл. Манай уран бүтээлчид шинийг сэтгэж, урлагийн олон төрлөөр ажилласаар байгаа. Нүүдэлчдийн соёл иргэншил, онгон дагшин байгалийн сэдэвт зургууд гадаадынхны харааг булаадаг юм. Монгол гэдэг чинь өвөрмөц  түүх соёлтой ертөнц шүү дээ.

  • Ярилцсанд баярлалаа.                                                                            Сэтгүүлч Б.Төгсжаргал

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах