Цэс Close

Зураач Ж.Анунаран: Оногдсон цаг хугацаандаа төвлөрч хийхийг хичээдэг

Улиран одож буй цаг мөч бүхэн өөрийн үлдээх зүйлсээ үлдээж, бид суралцсаар цааш явна. Айсуй ирж буй тэр л цаг хугацаа мөн л биднийг сургахаар, ойлгуулахаар ирж явна” хэмээн он цагтай учирлан ярилцаж, уран бүтээлээ тасралтгүй хийж, үе тэнгийнхэндээ үлгэр дуурайл болсон зураач нарын нэг юмаа гэж түүний тухай онцлон хэлэхдээ нүүр бардам байна.

Учир нь тэрээр ийнхүү суралцсаар, ойлгосоор, бүтээсээр туулай жилийн босгон дээр гурван  уран бүтээлчийн хамт  “Адил үгүй ертөнц” үзэсгэлэнгээ гаргах гээд завгүй явна.

“Би ер нь оногдсон цаг хугацаандаа төвлөрч уран бүтээлээ хийхийг хичээдэг” гэж даруухан өгүүлэх  зураач бүсгүй  уран зураачид, урлагийнхны хүрээндээ хэдийнээ танил болсон нэгэн юм. Тэрбээр уран зураач мэргэжилтэй, видео перформанс, зураг (painting), холимог техникийн бүтээл (mixed art) зөөлөн баримал (soft sculpture), орон зайн урлаг (installation), зэрэг орчин үеийн урлагийн төрлөөр бүтээлээ хийдэг. Гэхдээ түүний хувьд бусад хүмүүс таних танихгүй гэхээсээ илүү уран бүтээлчийнхээ хувьд тасралтгүй бүтээл туурвилдаа хийж байгаа орчин цагийн “завгүй” уран бүтээлчдийн  нэгэн.

Ё.Далх-Очирын нэрэмжит Бөртэ Чоно барималаар сэдэвлэсэн тэргүүн загварын цомын эзнээр тодорч,  “Бурханы хүү”- үзэсгэлэнгээрээ илүү  их сонирхлыг минь татаж байсан Ж.Анунаран зураачийн талаар цахим хуудсыг нь дагаж, өвөрмөц шийдэл бүхий бүтээлүүдийг нь талархан таашаадаг жирийн нэг “фэн”-ийнх нь хувьд үзэсгэлэндээ бэлдэх байх үед нь цөөн хором ярилцсан юм.  

-  Танд энэ өдрийн мэнд хүргэе. Дөрвөн уран бүтээлч “Адил үгүй ертөнц” үзэсгэлэнгээ  нээх гэж байна. Хамгийн гол нь та дөрвийг нэгтгэж байгаа гол зүйл нь юу вэ?

-Үзэсгэлэн бүхэн өөрийн онцлогтой. Би хамтын үзэсгэлэнд бас цөөнгүй оролцож ирсэн. Энэ удаагийн үзэсгэлэнгийн хувьд оюутан байхад манай сургуулийн маань захирал, Бумандорж багш маань оролцох санал тавьсан нь их үнэ цэнэтэй юм. Би нэг урланд уран бүтээлээ туувих болсон цагаас уран бүтээлчийнх нь хувьд илүү их мэддэг болсон багш хэмээн дуудах болсон. Харин бид дөрвийн хувьд арга, ажиллагаа урсгал чиглэлийн хувьд өөр өөр хүмүүс нэгдэж байгаа нь илүү орчин үеийн чиглэлийн үзэсгэлэнд түлхүү ордог миний хувьд сонин бас энэ үзэсгэлэнгээр уран бүтээлчдийг адил үгүй гэдгийг илүү тодотгож байгаа байх. Тэгээд хамгийн гол нь гуравдугаар сарын 2-ны өдөр үзэсгэлэн нээгдэхээр ирж үзэж илүү их зүйлийг мэдэх байх аа. Үзэсгэлэн маань Дүнжингарав худалдааны төвийн эсрэг талд байрлах Монгол арт галарейд таван өдрийн турш үргэлжлэх юм.

-  Таны хувьд хэдэн оноос эхэлж уран бүтээлээ туурвиж байна. Бие даасан 10 үзэсгэлэн гаргачихсан  гэхээр цаг хугацаа их хурдан юм.

-Тиймээ. Баярлалаа. Би 2011 оноос хойш энэ чиглэлээр уран бүтээлээ хийж байна. Монголд, ОХУ, БНСУ нийлээд 10 бие даасан үзэсгэлэн гаргасан байна. Эргээд харахад үзэсгэлэнгээс үзэсгэлэнгийн хооронд суралцсаар, бүтээсээр л явна. Үүнд тоо биш чанар ач холбогдолтой тул үзэсгэлэнгийн тоон дээр тэр бүр ач холбогдол өгдөггүй. Гаргамаар, илэрхийлмээр байгаа зүйлээ л гаргаж байгаа гэж боддог.

Миний ажлуудад бодит амьдрал дээр суурилсан дүрсүүдийг фото зургаар баримтжуулан, эртний шүтлэгийн заншил, амьтадын бэлэг тэмдэгүүдийг Төвдийн Буддын танка зургийн нарийн элементүүд, арга ажиллагаатай хослуулан бүтээхийг оролддог. Дуализм буюу эм-эр, дотор-гадна, ар-өнгө, далд-ил ухамсар, бодит ба огторгуй ертөнц гэх мэт хоёр туйлт байдлыг ихэвчлэн бүтээлдээ тусган харуулдаг. ОХУ-ын V.Bronshtyen галерей, Монголын уран зургийн галарей болон хувь хүний цуглуулгад байдаг. Хүн бүр өөр өөрийн хэлээр эгшиглэдэг. Тэр эгшиг олон янзын дуу авиаг цуурайтуулдаг. Ямар эгшигээр өөрийгөө тоглуулахаас үл хамааран өөрийгөө таних үйл явц үргэлжилдэг гэж би боддог. Тиймээс цаашдаа би бас ямар төрөл жанраар дахин өөрийгөө нээж бүтээхийг таашгүй.

-  Шинэ үзэсгэлэн дэглэхийн өмнө таны “Бурханы хүү” үзэсгэлэн Тайваны Принт Биеннальд финальд шалгарсан байсан энэ талаар?

- Миний үндсэн ажил бол уран бүтээлээ хийх юм. Тийм болохоор ажлаа л хийсэн гэсэн үг л дээ. /инээв/ “Бурханы хүү  үзэсгэлэнгийн  гол ажил болох “Child of God’ бүтээл 2022 онд ОУ-ын International Print Biennial-ийн финалд  79 орны 1000 гаруй уран бүтээлээс шалгарч, Тайванийн Тайчунг хот дахь Тайванийн Үндэсний Дүрслэх урлагийн музейд 4 сарын турш олон нийтэд дэлгэгдсэн. 1983 онд анх зохион байгуулагдаж эхэлсэн олон улсын принт биенналь 2022 R.O.C. нь Тайваны Соёлын яамны дэмжлэгээр Тайванийн үндэсний дүрслэх урлагийн музейд (NTMoFA) зохион байгуулагдсан. 20 дахь удаагаа зохион байгуулагдсан энэхүү биенналь нь дэлхийн хамгийн олон жил зохион байгуулагдаж буй принт биенналиудын нэг юм.

-  Бурханы хүү үзэсгэлэнгийн тухай бичвэрүүдийг та уншсан уу, хүмүүсийн сонирхлыг их татаж байсан талаар товч яривал...

-Үзэсгэлэнгийн тухай бичвэр, текстийг байнга л уншдаг. Энэ талаар дорвитой бичилбэр тэр бүр гараад байдаггүй учир уран бүтээлийг таниулах бичилбэрүүд нь үзэгч бас уран бүтээлч аль алинд нь чухал ач холбогдолтой. “Бурханы хүү” үзэсгэлэнгийн талаар сэтгүүлч Б.Алтанхуягийн бичсэн бичвэрийн хэсгийг энд дурдвал: “Магадгүй алган дээрээ тавиад уншиж буй ном шиг үсэг бүрээр нь мэдэрч танихгүй юм аа гэхэд ямартай ч “Бурхны хүү” үзэсгэлэнг урлаж байхад дотор нь ямархан ертөнц байр сууриа олж байсныг тольдож болох шиг санагдана. Модод, тойрон эргэлдэх гурван шувууны дунд байх эвэр, чихтэй хүн дүрст нэгэн. Магадгүй монгол домгийн “элф” ч юм шиг… Ерөөс шашинд буга, гөрөөс нь бүхий л амьд төрөлтнийг төлөөлдөг. Тиймдээ ч сүмийн дээвэр дээр бодь гөрөөсийг залдаг шүү дээ. Байгальтай илүү ойр, магадгүй түүний нэг хэсэг гэмээр уул усны савдаг мэт дүртэй тэрхүү амьтны гар дээр фото зургийн негативийг цаасан дээр хэвлэж гэрэлтүүлсэн цэнхэр өнгөтэй хүүхдийн толгой байна. Энэ нь “Бурханы хүү” цуврал бүтээлүүдийн нэг бөгөөд зураачийн дотоод “би”-г хамгийн тод үнэнээр таниулна” гэж бичсэн байсан. Үзэсгэлэнгийн аль нэг бүтээл дээр илүү их нэг бүрчлэн ажиглалт хийж, бүтээлийн тухай бичих нь эргээд бүтээлийг тайлж унших, тухайн бүтээлийн талаар илүү их ойлголтыг хүлээн авагчид ойртуулж өгдөгөөрөө сайн талтай.

-  Урлагийн боловсрол бүх хүнд хэрэгтэй гэдэг үгийн талаар та ямар бодолтой  байдаг вэ?

-Урлагийн боловсрол бол маргаангүй бүх хүнд хэрэгтэй. Аливааг харах хандлагаа өөрчилөхөд бүтээлч чанар бүх хүнд байдгийг харж болно. Үүнийг магадгүй урлагийн боловсролыг гэж хэлээд байгаа. Дунд сургуульд байхаас дүрслэх урлагийн хичээлийг оруулж буй ач холбогдол нь хүүхдийн дотоод мэдрэмж, өөрийгөө нээх, ойлгох, хөгжих төлөвшихөд онцгой үүрэгтэй. Үүний ач холбогдлыг нэмэгдүүлэхэд урлагийн бүтээлийг ойроос харж мэдрэх, харилцаа үүсгэх, орчинд бүтээлийг үзэх нь чухал. Галарейд ороод уран бүтээлтэй харьцах, мэдрэхээс эхэлнэ. Мэдээж мэдрэмжээ таних, урлагийн мэдрэмжээ хөгжүүлэхэд цаг хугацаа орно. Нэгэнт зүрх сэтгэл тань урлагт дурласан бол тэр цаашаа хэрхэн өрнөхөө өөрөө л шийднэ. Тийм учраас урлагт татагдаж буй сэтгэлээ тасралтгүй услах хэрэгтэй. Миний хувьд энэ зүйлгүйгээр өөрийгөө төсөөлөх боломжгүй мэт санагддаг.

 - Таны уран бүтээлийн зонхилох өнгө ямар өнгө байдаг вэ?

-Миний бүтээлд хүйтэн өнгө нэлээн давамгайлдаг. Цэнхэр, ногоон, цайвар, цагаан өнгүүд нийт бүтээлийн өнгийг эзэлдэг. Дулаан болон олон өнгийг та миний бүтээлээс их харахгүй л байх. Энэ нь миний өнгийг мэдрэх мэдрэмжтэй, түүнээс авдаг төсөөлөлтэй хамааралтайгаар хувь хүний өнгийг таашаах мэдрэмжээс эхтэй ихэнхдээ сонгодог байх гэж боддог.

-  Хүн бүхэнд нийгмийнхээ төлөө сэтгэл эмзэглэдэг олон асуудал байдаг. Таныг бяцхан хүү Э.Маргад-Эрдэнэд туслах аяныг уран бүтээлч найзуудынхаа хамт өрнүүлж байхыг хараад маш их бахархаж байлаа. Магадгүй таны эмзэглэж явдаг асуудалтай нэг талаар холбоотой юу?

-Хүн эрүүл саруул байж л аливааг хийнэ. Өвчиндөө шаналж байгаа хүүхдүүд хамгийн сэтгэл өвдмөөр байдаг. Бид нэг удаа тусална, хоёр удаа тусална. Харин хангалттай далайцтайгаар олонд тусалж чадахгүй. Төр засгаас маань эх, хүүхэд цаашилбал ард иргэдийн эрүүл мэндийг бодлогоор дэмждэг, зориулсан төсөв мөнгө нь хүрэлцээтэй байгаасай гэж сэтгэл зовнидог. Уран бүтээлч найзуудынхаа сайхан сэтгэл, хөдөлмөрөөр бидний зохион байгуулсан аянд маш олон уран бүтээлчид нэгдсэн. Хэдийгээр Маргад-Эрдэнэ хүү  маань одоо бидний дунд байхгүй ч хүн хүндээ сайхан сэтгэлийг бэлэглээд, олон зүйлийг ойлгуулж, ухааруулсан. Уран бүтээлч хүмүүс ер нь их өгөөмөр сайхан хүмүүс байдаг. Зөвхөн энэ үзэсгэлэн, аянаар зогсохгүй бидний мэдэхгүй олон сайн үйлсийн аянд уран бүтээлчид нэгдсээр ирсэнийг мөн дурдах хэрэгтэй.

-  Манай уншигчдын зарим нь мэдээгүй байж магадгүй. Би таны цахим хуудсыг дагадаг уншигчийн хувиар бодибилдингийн тэмцээнд оролцсон чинь маш их бахархал төрүүлсэн. Уран бүтээлч хүн бүтээлээрээ өөрийгөө үргэлж нээхээс гадна бие бялдар оюун санаандаа бас ингэж шинэчлэл авчирч болдог юм байна гэдгийг харсан. Нэгэнт уулзаж ярилцаж байгаа болохоор асуухгүй өнгөрч чадсангүй.

-Баярлалаа. Уран бүтээлч гэхээсээ илүү хувь хүнийхээ хувьд өөрийгөө сорьсон. Анх удаа тэмцээнд орж байгаа болохоор мэдэхгүй зүйлс алдаа, оноо нэлээн байсан. Богино хугацаанд бэлдсэн, гэнэтийн шийдвэр байсан гэхүү дээ. Миний амьдралын хэмнэлд чухал ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан чухал орон зайг эзлэх болсон. Нэг үгээр өөрийгөө сулладаг хэл болсон зүйл юм. Завгүй амьдралын нэгээхэн чөлөөнд амсхийх боломжийг энэ спортоос мэдэрдэг, хөлсөө гаргаж, булчингуудаа хэрхэн ажиллаж байгааг анхаарч төвлөрөх  нь  бясалгал шиг санагддаг, өдөр бүр өөртэйгөө нүүр тулж байгаа мэдрэмжийг өгдөг болохоор магадгүй татагддаг байх. Бидний нүдээрх гоо үзэсгэлэн, сайхан хөл алдам солонгон өнгө биш түүнийг тодруулдаг гүн хар өнгө гэдгийг шаргуу хөдөлмөр, үнэн тууштай байдал, сахилга бат зэргээр ойлгуулж, мэдрүүлдэг нь үүгээрээ энэ спортын хэцүү бөгөөд үзэсгэлэнтэй гэдгийг харуулах шиг санагддаг. Бүх тамирчдын өмнө мэхийе гэсэн үгээ давтан хэлэхийг хүсэж байна. Тэмцээнд ороход дэмжсэн багш нартаа, гэр бүлийнхэндээ ярилцлагаараа дамжуулаад  маш их баярлалаа гэж хэлье.

  • Баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

                                                                                                                                        Сэтгүүлч Б.Төгсжаргал

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах